Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Газар хөдлөлтийн аюул” сэдэвт иргэдэд зориулсан гарын авлагыг гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардлаас санхүүжилтийг шийдвэрлэн хэвлүүлж, мэргэжлийн анги, албадад хүлээлгэн өглөө.
Зүүн бүсийн аймгууд нь газар хөдлөлтийн 5 баллын бүсэд хамаардаг бөгөөд өнгөрөгч 2020 онд хүнд мэдрэгдэм 30 удаагийн газар хөдлөлт болсон байна.
Харин он гарсаар Халхгол сумын Ташгай багийн “Ёнгор” гэдэг газар 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тиймээс иргэдэд газар хөдлөлтийн талаар мэдээлэл өгөх, өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалах анхан шатны мэдлэг олгох зорилгоор энэхүү гарын авлагыг хэвлүүлэн, олон нийтэд хүргэлээ гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.