Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Цаг агаар: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Завхан, Төв, Увс, Ховд, Хөвсөл аймгийн нутгаар цас орж, баруун болон говийн аймгийн зарим хэсгээр шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 6-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 7-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 6-ны өдөр нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 6-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр,  Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж, “Финпак” ХХК гал гарч байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 06:53 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 06:58 цагт очиж, “Финпак” ХХК-ийн цаасан хайрцаг, сав баглаа боодлын хэвлэх төхөөрөмж шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бумбат багийн “Хангай” хороолол суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын Хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:32 цагт очиж, иргэн О-ын “Пажеро” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:48 цагт очиж, иргэн Ц-ийн 7х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.    

Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр багийн “Билүүтийн худаг” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 148 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 17 км-т/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус сумын Аргалын-Уул багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 14:03 цагт очиж, иргэн С-ийн 4х30 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 1 цаг 4 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 19:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 19:56 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр, эд хогшил, иргэн О-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 229 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 03.03-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 02:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Б /43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 02:40 цагаас зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top