Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, өдөртөө Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Онон, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хэрлэн, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с. 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с. 6-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:39 цагт очиход иргэн Б-ын 9х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.            

    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  Жилчиг багийн 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 00:26 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 00:35 цагт очиход иргэн З-ын 8х8 метрийн хэмжэээтэй байшин шатаж байсныг 2 цаг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /27 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.                         

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Өвөр гүнт”-ийн зуслангийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 02:24 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 02:30 цагт очиход иргэн Э-ын 7.5х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 229 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 03.03-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 02:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Б/43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:20 цагт “Улаан шугуй” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 10 км/-аас эсэн мэнд олсон.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Шижирийн даваа” гэдэг газар 03.02-ны өдөр 1 хүн “Шижирийн даваа” гэдэг газар нутагладаг найзындаа очих гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 09:59 цагт хүлээн авсан.   Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 42 км зам туулан 10:51 цагт очиж нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн М/47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 13:00 цагт “Шижирийн даваа”-ны өврөөс цогцсыг олж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top