Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нийт нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн “Хөндлөнгийн энгэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 22 км/-т Гал гарч байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 13:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд оршуулгын газарт 15 га өнжмөл шар өвс шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4А хэсгийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 09:38 цагт очиж иргэн Б-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Ужиг багийн “Харганы даваа” гэдэг газарт /Хатгал тосгоноос баруун хойд зүгт 22 км/-т Өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 09:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 25 км замыг туулан 10:30 цагт очиж иргэн С-ын 2 тонн задгай өвс, 13 ширхэг боодолтой өвс шатаж байсныг 2:45 цаг ажиллаж унраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байр 6 дугаар давхарт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 10:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:55 цагт очиж иргэн С-ийн 3х1 метрийн хэмжээтэй тагтан дээр эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Ц /65 настай, эмэгтэй/ угаартсан байсныг НТТТөв 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:46 цагт очиж иргэн Э-ын “Төгс мэдлэг” ХХК-ийн мужааны цехийн 60х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  Ховд гол багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 15:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 500 м замыг туулан 15:40 цагт очиж иргэн Б-ийн “Пронтер” загварын ачааны автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Үйлдвэрлэлийн 1 дүгээр гудамжинд 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах, ангийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 1 км замыг туулан 20:07 цагт очиж иргэн Г-ын 10х18 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 5:22 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 21.5 км замыг туулан 00:27 цагт очиж иргэн Б-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн “Залуус” гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 04:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 04:09 цагт очиж “Залуус” гудамжны иргэн Б-ын 5х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 2:36 цаг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top