Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи зүүн өмнөөс 5-10 м/с, 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18, 19-нд нутгийн зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д гэр шатаж гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 12:58 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:06 цагт очиход “Ном хур” ХХК-ийн харуулын гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Гранд вилла хотхон”-нд орон сууцны байрны агааржуулалтын хоолойны дулаалгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 11:59 цагт хүлээн авсан.  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 12:05 цагт очиход 104 дүгээр байрны агааржуулалтын хоолойны дулаалга шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Дөрвөлж” хорооллын 4 дүгээр гудамжны 402 тоотод /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т, сумын төвд/ Иргэн Б нь 03.14-ний өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.15-ны өдрийн 11:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Уулбаян сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /31 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 03.16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11:45 цагт Тэгш багийн “Дунд сайрын худаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-аас иргэн Б-ийн гэрт эсэн мэнд байхад нь олсон.

scroll to top