Мэндчилгээ

161987794_1014960888912562_2478991355388526464_n-sitend.jpg

Өнө эртний бахархам уламжлал, баатарлаг түүхтэй Монгол эх орныхоо энх амгалан байдал, тусгаар тогтнолын баталгаа нь болж, ард түмнийхээ амар амгалангийн төлөө гамшгаас хамгаалах үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч офицер, ахлагч, нийт алба хаагчиддаа  “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний яруу алдарт 100 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлье!

Улс орныхоо бүрэн бүтэн байдал, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, гамшигтай тэмцэх үүргээ Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үеийн үед нэр төртэй биелүүлж, эдүгээ дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн мэргэжлийн байгууллага болон хөгжиж чадсан нь орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн хөгжлийн түүхийг улам баяжуулсан ололт амжилт хэмээн бахархаж байгаагаа энэ өдөр онцлоход нэн таатай байна.

Амжилт, бүтээл бүрийн ард үүрэг, зорилгоо ухамсарласан эгэл аврагчаас эхлээд шат, шатны захирагч, дарга нар, Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний сэтгэл, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн байдаг нь бахархалтай.

Өнөөдөр ч бид энэ л сэтгэл зүтгэлээрээ дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүргээ гүйцэтгэсээр байна.

Орчин үеийн амьдралын бэрх нөхцөлд гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нь үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотойг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байгаа энэ үед та бидний үйлс бүхэн эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө оруулж буй том хувь нэмэр гэдгийг санан өнөөдрийн бэрхшээлийг хамтдаа даван туулж, өнө хожмын сайхан цагийг авчирна гэдэгт итгэл төгс байна. 

Өвөг дээдсийнхээ баатарлаг, бахдам замналын залгамж халаа болж, монгол цэргийн буурал түүхийн алдрын хуудсыг баяжуулсаар, ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө чин сэтгэлээсээ хичээн зүтгэж буй нийт алба хаагчид та бүхэндээ болон та бүхний гэр бүлд  Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, ажилд тань амжилт, амьдрал тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эгэл аврагчийн халуун зүрхэнд эх орон нь бүтнээрээ багтдаг юм.

Монгол цэргийн суу алдар бадартугай.

scroll to top