Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа.
Халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдэл өндөртэй газар нутгийг хэсэгчлэн хөл хорио тогтоосон.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоосонтой холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайдад мэдээлэл танилцууллаа.
Хөл хорио тогтоосон өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хорооны 17550 иргэнийг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Тус хорооноос ковид-19 халдварын 28 батлагдсан тохиолдлыг илрүүлж, ойрын хавьтлын 70 гаруй хүнийг тогтоон, иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн гэж дүүргийн Засаг дарга танилцууллаа.
Одоогоор 500 орчим хүний шинжилгээний хариу гараагүй байгаа бөгөөд өнөөдөртөө багтаан гаргах юм байна.
Шадар сайд, иргэдээс PCR шинжилгээг авч дууссан бол ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд хөл хорионы дэглэмээ маргааш буюу гуравдугаар сарын 20-ны 06:00 цагт цуцлах чиглэлийг өглөө гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.