Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгийн зарим хэсгээр цас орсон.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орно. Салхи 22-нд зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 25-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн “Самбартай хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т, сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ автомашин дээрх өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 10:49 очиж, иргэн О-ын “Волво ФЭйч-12” загварын зүтгүүрт тээвэрлэж явсан 17 тн өвс шатаж байсныг 56 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тариат багийн “Хавчиг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 110 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ Малчин Д-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин, 6 ханатай гэр 03.19-ний өдрийн 15:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг 03.20-ны өдрийн 12:17 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 14:16 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 14:25 цагт очиж, иргэн Б-ийн 6х22 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:15 цагт очиж, иргэн Д-ийн 2х3 хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт” зуслан, “Орос” зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:48 цагт очиж, иргэн Х-ийн 7х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 19:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 19:26 цагт очиж, иргэн Б-ийн 8х15 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй өрөө, дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Өлзийтийн зам” гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 21:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:19 цагт очиж, иргэн Б-ын 10х14 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн гадна талын хана хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Жигжид” зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 01:06 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:12 цагт очиж, иргэн О-ын 10х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Хадат вилла”-ийн 4 дүгээр гудамж зам тээврийн осол болж автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 22:26 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 24 км замыг туулан 22:48 цагт очиход тус гудамжинд “Норд бенз” загварын ачааны автомашин 4 айлын хашаа, 1 айлын 6х7 метрийн хэмжээтэй байшинг тус тус мөргөж, тус автомашинд иргэн Б /35 настай, эрэгтэй/ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдан нас барсан байсныг гаргаж, хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top