Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй.  Монгол Алтайн уулс, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал:  25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 27-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с, 26-27-нд ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 2-7 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 28-наас нутгийн баруун хэсгээр дулаарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн 4 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 10:38 цагт очиход иргэн Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн 10 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 8 км зам туулан 10:46 цагт очиход иргэн М-ийн хашаанд 3.2 тнн өвс шатаж байсныг 1 цаг 44 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны “Улаанхуаран”-гийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 12:31 цагт очиход иргэн Я-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Эрээний-Адаг” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 31 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 12:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 31 км зам туулан 12:55 цагт очиход иргэн Г-ын 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтан-Оргил багийн “Хойд гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ Малчин З-гийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 03.23-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан.  Малчин З-ийн 5 ханатай гэр 13:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч 18:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Бурхант”-ын 5 дугаар гудамжинд малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 18 км зам туулан 18:35 цагт очиход тус иргэн О-ийн 7х7 метрийн хэмжээтэй малын саравч, 7х7 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 5 адуу өртөж хорогдсон.   

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн “Муу хөөт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Малын бууц, дэрс шатсан тухай мэдээллийг 03.23-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан.  Малчин Э-ийн малын бууц шатаж улмаар 1 га талбайн дэрс шатсан тухай мэдээллийг иргэн Б 19:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

  Газар хөдлөлт: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16 км-т, Ө-46°45”36” У-108°18”00”/ 03.23-ны өдрийн 22:47 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 22:52 цагт ШУА-ын ООГХ-ээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Төмөр замын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн. Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.  Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны “Задгай”-д дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 11:51 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 9.5 км зам туулан 12:06 цагт очиж удаж муудсан /нэр, хаяг тодорхойгүй/ 50 орчим настай эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top