Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн нутгийн зарим хэсгээр шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, нутгийн зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутаг болон, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 2-7 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 28-наас нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 25 дугаар гудамжинд уурын зуухны байр шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:00 цагт очиход “Амгалан Парп Нивс” ХХК-ийн 5х5 метрийн хэмжээтэй уурын зуухны байр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Нам даваа”-ны задгай гэр шатаж гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 21.5 км замыг туулан 14:02 цагт очиход иргэн С-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)сумын 2 дугаар баг, “Тээвэрчид”-ийн хорооллын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:20 цагт очиход иргэн О-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн яндангийн хэсэг шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ган Зангилаа” ХХК гал гарч байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:46 цагт очиход 25х70 метрийн хэмжээтэй сендвичин байшингийн баруун урд талын хананы хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 5 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 17:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 17:29 цагт очиход иргэн Т-ийн 6.5 тн боодлын өвс шатаж байсныг 1 цаг 35 минут ажиллаж унтраасан.       

 Мэдээлэл: Булган аймгийн Булган сумын Булган багийн “Залуус” хорооллын 8 дугаар гудамжинд иргэн И нь 03.17-ны өдрийн 01:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 03.24-ний өдрийн 14:35 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газраас 03.24-ний өдрийн 15:12 цагт иргэн И/47 настай, эрэгтэй/-ын шатсан цогцсыг олсон /өөрийгөө шатааж нас барсан байж болзошгүй/ тухай мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газраас 03.24-ний өдрийн 15:12 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн “Хоёр толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т, Ө-46°45”36” У-108°18’00”/ 03.24-ний өдрийн 21:45 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:55 цагт ШУА-ын ООГХ-ээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Шуурхай штабын жижүүр нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, Ө-51°13”48” У-100°25”12”/ 03.25-ны өдрийн 06:54 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 07:04 цагт ШУА-ын ООГХ-ээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль хамгаалагч болон иргэдээс тодруулахад чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top