Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Архангай аймгуудад хүчтэй салхи шороон шуурга шуурсан. Баян-Өлгий, Увс аймгийн зарим нутгаар цас, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд бага зэргийн бороо орсон.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийнөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 31-нээс баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамжинд зоогийн газар шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:32 цагт очиж иргэн А-ын “Аребелл” нэртэй 8х10 метрийн хэмжээтэй рестораны 4х5 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд шарах шүүгээ шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргасан.

– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хэрээт багийн Орлой 7 дугаар гудамжинд 03.25-ны өдрийн 23:45 цагийн орчимд 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 03.26-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Баяндэлгэр сумын Цагдаагийн тасгийн мөрдөгчөөр ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн О-ын 4 ханатай гэр шатаж байсныг 2:15 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 57 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 12:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 12:52 цагт очиж иргэн Б-ын 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дако 10/Б дугаар байрны 1 дүгээр орцонд айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:37 цагт очиход иргэн Ж-ийн гэрт халуун тогоо шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Иргэн Ж /54 настай, эрэгтэй/ угаартсан байсныг НЯТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Нуур” хорооллын 7Б дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 20:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:11 цагт очиж иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи шуурга: Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далайн 3 дугаар багийн “Цэцний-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 252 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 03.26-ны өдрийн 17:00 цагийн үед 24 м/с хүрч шуурсаны улмаас 5 ханатай гэр унасан мэдээллийг 03.26-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цэцэн-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга малчин Ч-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг өгсөн.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн “Цагаанморьтын Шарилжны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумаас зүүн зүгт 25 км/-т 03.26-ны өдрийн 19:00 цагийн орчим 24 м/с хүрч шуурсаны улмаас 6 ханатай гэр унасан тухай мэдээллийг 03.26-ны өдрийн 20:11 цагт хүлээн авсан. Тус сумын Алтан багийн Засаг дарга иргэн Б-ийн 6 ханатай гэр унасан нөхцөл байдалтай танилцаж тухайн газарт хохирлын үнэлгээ тогтоон ажилласан.

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нефтийн хэсгийн 10 дугаар гудамжинд 03.26-ны өдрийн 19:30 цагийн орчим 10 м/с хүрч хүчтэй шуурсаны улмаас 4 ханатай гэр унасан тухай мэдээллийг 03.26–ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:55 цагт очиж иргэн Ж-ийн 4 ханатай гэр, хашаа нурсаныг хураан ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top