Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн нутгаар цас орж, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар явган шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-ний өдөр баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4 дүгээр сарын 1-ний өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-ны өдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 30-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 31, 4 дүгээр сарын 1-ний өдөр нутгийн зарим газраар, 2-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

31-ний өдрөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч  Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг. 16 дугаар хороо, Согоотын 52 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 16:31 цагт очиход иргэн Г-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Цагаан-Эрэг багийн 100 дугаар гудамжинд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 14:34 цагт очиход иргэн Э-ийн чингэлэг дотор хүнсний бүтээгдэхүүн шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймаг, Дархан сум. 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 3 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:17 цагт очиход иргэн Б-ын 2 тн өвс, 7 метрийн урттай хашаа шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Тэс сум. Зүр багийн Тэс мөрөн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:38 цагт очиход иргэн Д-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Тэс сум. Зүр багийн задгайд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 20:27 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 20:29 цагт очиход иргэн Ч-ын 7х8 метрийн хэмжээтэй 6 нэрийн дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Төгрөг багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:42 цагт очиход иргэн М-ын 6х8 метрийн хэмжээтэй байшинд эд, хогшил шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Жаргалант сум. Дулаан-Уул багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 26,5 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 22:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 56 дугаар ангийн алба хаагчид 26.5 км замыг туулан 23:04 цагт очиход малчин О-ийн 5х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг 5 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Булган аймаг, Сэлэнгэ сум. Сэлэнгэбүрэн багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 196 км-т, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялгант тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 18:54 цагт цурамд оруулж, 03.29-ний өдрийн 07:00 цагт унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. /Урьдчилсан байдлаар 1.2 га талбай шатсан/. 

4.Ус цаг уурын гаралтай аюул үзэгдэл:

Хүчтэй салхи, шуурга: Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт 03.26-ны өдөр 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нурж, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын 5 ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн, 32 автомашины шил хагарсан тухай мэдээллийг 03.28-ны өдрийн 21:02 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоон ажилласан. Цахилгаан дамжуулах 5 ширхэг тулгуур баганыг сэргээн засварлах ажил 80 хувьтай явагдаж байна.

5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймаг, Эрдэнэ сум. Еншөөв багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 57 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км-т/ Иргэн Х нь 03.27-ны өдрийн 16:00 цагийн орчим “Пит” загварын суудлын автомашинтай малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 08:35 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэ сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Х /39 настай, эрэгтэй/-ыг 03.28-ны өдрийн 12:14 цагт “Цагаан-Овоо” гэдэг газар /гэрээс нь 15 км-ын зайтай/-аас явган явж байхад эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймаг, Бууцагаан сум. Тэмээт багийн “Хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 211 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ малчин Б нь 03.26-ны өдрийн 11:00 цагийн орчимд малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын  ажилтны хамтаар малчин Б /40 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг гэрээс нь урд зүгт “Цагаан гол” гэдэг газар хүртэл 10 км-т, “Байдрагийн гүүр” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:31 цагт түр зогсоосон. 03.29-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Цас шаварт суусан: Дорнод аймаг, Хэрлэн сум. 8 дугаар багийн “Төмөр замын гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т/ 2 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 07:04 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 16 км замыг туулан 07:22 цагт очиж, Гурванзагал сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан “Портер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 15 минут ажиллаж татан гаргаж, иргэн Н /37 настай, эрэгтэй/, П /36 настай, эмэгтэй/ нарт хүлээлгэн өгсөн.         

Дорнод аймаг, Хэрлэн сум. 5 дугаар багийн “Буяны хонхор” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ 3 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 07:14 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 18 км замыг туулан 07:58 цагт очиж, Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан “Портер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллаж татан гаргаж, иргэн Г/34 настай, эмэгтэй/, Н /35 настай, эрэгтэй/, Д/63 настай, эмэгтэй/ нарт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top