Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с байна. Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд төвийн аймгуудын нутгийн хойд, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, 11-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд говь, тал, хээрийн бүс нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 10:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 11:07 цагт очиход иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.8 км замыг туулан 11:36 цагт очиход иргэн Г-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Модны 2-ын автобусны буудалд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 12:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:32 цагт очиход иргэн Д-ийн “БМВ 3” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 хороо, Усны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 05:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 05:57 цагт очиход иргэн Ж-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, Х-ын 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оёг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 350 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 44 км-т, Ө-51°10”12.0”, У-100°21”00.0”/ 04.07-ны өдрийн 00.05 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 00:13 цагт цахим шуудангаар ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.  

 4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:       

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Сүүдэр царам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ Тус сумын харьяат иргэн Е нь 03.31-ний өдрийн 15:00 цагийн орчим хээр эвдэрсэн автомашинаа авч ирнэ гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 07:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Е/79 настай, эрэгтэй/-ийг 04.06-ны өдрийн 08:35 цагт “Сээрийн бригад” гэдэг газар малчин Б /гэрээс нь баруун урд зүгт 20 км-т/-ийнд эсэн мэнд ирснийг ар гарийнхэнд хүлээлгэн өгсөн. 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багийн Дарь-Эхийн 5 дугаар гудамжинд иргэн Э нь 04.04-ний өдрийн 22:00 цагийн орчим “Приус 20” загварын суудлын автомашинтай гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Э/29 настай, эрэгтэй/-г 04.06-ны өдрийн 15:07 цагт Баян багийн “Мухарын дэрс” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 38 км-т/ малчин Г-ын өвөлжөөнөөс олсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР     

scroll to top