Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 8-13 м/с, говь, тал, хээрийн бүс нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсэж 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед 16-18 м/с, 24, 25-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайт”-ын богино зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 05:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 05:51 цагт, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 17 км зам туулан 06:06 цагт тус тус очиход иргэн Б-ийн 13х15 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.  

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн “Өндөр цагаан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 20 км зам туулан 14:35 цагт очиход иргэн Г-ын 30×30 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Рашаант”-ын 2 дугаар гудамжинд ар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 15:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 15:27 цагт очиход иргэн Б-ын хашаанд шар өвс шатсаны улмаас 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Хөндлөн” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 55 км-т/ Өвөлжөө 04.20-ны өдрийн 16:00 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин Д-ын 80х150 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсан тухай мэдээллийг 17:00 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уурхайчин багийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 16:31 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 16:36 цагт очиход иргэн Ү-ийн 10х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.          

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Тарган нуур багийн “Задгай”-д Автомашин 04.20-ны өдрийн 17:30 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Б-ын “Спанито” загварын суудлын автомашин шатсаныг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 19:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.         

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 17:38 цагт очиход иргэн О-ын 5 ханатай гэр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.      

      3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр:Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Чойжингийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.20-ны өдрийн 15:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 20 км зам туулан 16:00 цагт очиход орон нутгийн иргэд ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 4.5 га талбай шатсан.       

  4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Булнаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/-т иргэн Ц /15 настай, эрэгтэй/ 04.18-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Байгаль орчны байцаагчаар ахлуулсан алба хаагчид орон нутгийн иргэд  04.20-ны өдрийн 08:20 цагаас эхлэн иргэн Ц /15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлэн тус багийн “Хүрэн булгийн-Ам”,  “Цохиот” гэдэг газарт 10 км-ын тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:20 цагт түр зогсоосон бөгөөд 04.21-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top