1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Увс, Хөвсгөл, Ховд аймгийн нутгийн зарим хэсгээр цас орж, Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-ны өдөр ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 26-ны өдөр ихэнх нутгаар, 24, 25-ны өдөр нутгийн зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 24-ний өдрөөс ихэнх нутгаар сэрүүснэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Зангиат” хорооллын 18 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 09:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 09:56 цагт очиход иргэн У-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 10 метрийн урттай хашаа шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр байшингийн 4 дүгээр орц эд, хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:53 цагт очиход тус байрны орцны жижүүр иргэн А-ын байрладаг өрөөнд эд, хогшил шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн гүүр”-ний хойд талд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:13 цагт очиход иргэн Г-ын “Гранд марк-2” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Баруун могойн шарахын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 22 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ Малчин Д-ийн 4 ханатай гэр 04.21-ний өдрийн 21:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Малчин Д-ын 4 ханатай гэр шатсаныг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд ажиллаж унтраасан тухай сумын Засаг даргын орлогч дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
. Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 372 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т, Ө-51°23”24” У-100°19”12”/ 04.21-ний өдрийн 08:19 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс сөн өдрийн 08:28 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад тус газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Цасан шуурганд сураггүй болсон: Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн “Их шар бүрд” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 56 км-т, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ Тус сумын харьяат 4 малчин 04.21-ний өдрийн 01:00 цагийн орчим цасан шуурганд малтайгаа уруудаад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 08:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:50 цагт Наранбулаг сумын 2 дугаар багийн “Хойлдоо” гэдэг газар /гэрээс нь 35 км-ын зайтай/-аас малчин Ц /54 настай, эрэгтэй/, А /54 настай, эмэгтэй/ нарыг, 09:40 цагт Өмнөговь сумын Баянгол багийн “Их шар бүрд” гэдэг газар /гэрээс нь 5 км-ын зайтай/-аас малчин Б /27 настай, эмэгтэй/-ыг 950 гаруй бог малтай нь, 14:10 цагт “Их шар бүрдийн баруун хөвөө” гэдэг газар /гэрээс нь 10 км-ын зайтай/-аас малчин Ц /27 настай, эрэгтэй/-ыг тус тус эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна. Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд иргэн Т /62 настай, эрэгтэй/, Ц /50 настай, эрэгтэй/, Г /нас тодорхойгүй, эрэгтэй/, У /38 настай, эмэгтэй/, У /32 настай, эмэгтэй/, Б /8 настай, эмэгтэй/, А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж 04.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Булнаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/-т Иргэн Ц /15 настай, эрэгтэй/ 04.18-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 16:10 цагт /16:37 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд 04.21-ний өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:55 цагт иргэн Ц /15 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гэрээс нь 800 метрийн зайтай модон дотроос /өөрийгөө боомилж нас барсан байдалтай/ олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР