Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Ховд, Увс, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орж, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд бороо орсон. Дундговь аймагт шороон шуурга шуурч байна. Бусад нутгаар цаг агаар үүлэрхэг байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн “Нарстай ам” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 86 км, сумын төвөөс баруун урд зүгт 15 км/-т Иргэн А-гийн малын өвөлжөө бүрэн шатсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 03:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 04:20 цагт очиж иргэн А-ийн 10х7 метрийн хэмжээтэй өвөлжөө, 12 үхрийн хамт шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны 2/Б дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 08:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 08:44 цагт очиж иргэн Ц-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Голын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км/-т их хэмжээний аргал шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 08:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 09:09 цагт очиж иргэн Б-ийн хураалттай 2 тонн аргал шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:26 цагт очиж Шарга морьт зуслангийн задгайд иргэн Б-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн задгайд /аймгийн төвөөс урд зүгт 168 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 05:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1.5 км замыг туулан 06:02 цагт очиж иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Гүн нуурын модот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун урд зүгт 35 км/-т, Түймрийн солбицол: 48°12”17.3”N 112°59”14.8”E хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Цгаан-Овоо сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэд, Хөлөнбуйр сумын Засаг даргаар ахлуулсан иргэд жиллаж 04.23-ны өдрийн 16:00 цагт түймрийг бүрэн унтрааж Цагаан-Овоо сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16”11.0”, У-100°46”14.0”/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Рашаант сумын Засаг даргын Тамгын газар, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 04.21-ний өдөр очиход тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 иргэн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах үед ган татлага нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б/16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд иргэн Т /Тосонцэнгэл сумын харьяат, 62 настай, эрэгтэй/, Т /Тосонцэнгэл сумын харьяат, 50 настай, эрэгтэй/, Г /Шинэ-Идэр сумын харьяат, 50 настай, эрэгтэй/, У/Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, 38 настай, эмэгтэй/, У/Рашаант сумын харьяат, 32 настай, эмэгтэй/, Б /Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, 8 настай, эмэгтэй/, А /Рашаант сумын харьяат, 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон. Тус аймгийн Рашаант сумын Тээл багийн “Цацын-Ам” гэдэг газар хээрийн штабыг байгуулсан бөгөөд 04.23-ны өдөр 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1 дүгээр бүлэг: Тосонцэнгэл сумын “Долоогийн булан” гэдэг газраас тус сумын 2 дугаар багийн “Цацан булан” гэдэг газар хүртэл 50 км-т явганаар голын урд талаар, 2 дугаар бүлэг Тээл багийн “Овоот” гэдэг газраас “Бага ацын булан” гэдэг газар хүртэл Сэлэнгэ голоор 60 км-т усаар 4 завьтай урсаж, 3 дугаар бүлэг Их-Уул сумын Шивээ багийн “Хужирт” гэдэг газраас Тосонцэнгэл сумын “Цацын гүүр” хүртэл 40 км-т явганаар болон автомашинтай, 4 дүгээр бүлэг Тариалан сумаас голоо өгсөж Их-Уул сумын 4 дүгээр багийн “Дунд товцог” гэдэг газар хүртэл 8 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.23-ны өдрийн 14:12 цагт Тосонцэнгэл сумын “Хэлхэлзүүр” гэдэг газар /осол болсон газраас зүүн урагш 53 км/-аас иргэн У/38 настай, эмэгтэй, Улаанбаатар хот Хан-Уул дүргийн харьяат/-ийн цогцсыг “Сэлэнгэ” голын дунд арлын хойд салаанаас олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоож 04.24-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Осол болсон газар цас орж бага зэрэг шуурсан. Нэмэлтээр Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан алба хаагчид 23:00 цагт гарч 04.24-ний өдрийн 04:00 цагт ослын голомтод очсон. Цаг агаар: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын нутгаар үүлэрхэг  өдөртөө болон шөнөдөө хур тунадастай, салхи зүүнээс 3-6 м/с, өдөртөө 0-5 градус дулаан, шөнөдөө 3-6 градус хүйтэн байна. Усны өргөн-133 метр, Усны гүн-2-3.5 метр байна.

Бусад төрлийн осол: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Ахмадын амралтын газрын гарам “Хэрлэн” голд автомашин мөсөнд цөмөрч орсон байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 17:40 цагт очиж иргэн С-ын Ланд Круйзер-200 загварын суудлын автомашин “Хэрлэн” голын мөсөнд цөмөрч орсон байсныг татан гаргаж, зорчиж явсан иргэн Ч /30 настай, эрэгтэй/, С /50 настай, эрэгтэй/ нарыг аварч гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top