Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн Баян-Уул, Төв аймгийн Мөнгөнморьт суманд цас орсон. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Улз голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, 30-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, 5-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 2-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 2-нд говь талын нутгаар зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор орчим болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 градус дулаан, өдөртөө 19-24 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 5 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутагт “Цэцүүх трейд” ХХК-ийн хуванцарын үйлдвэр /сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км/ хашаан дотор их хэмжээний шороо болон шохойтой холилдсон шуудай шатаж байна гэсэн тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 04:15 цагт дуудлага хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан 04:35 цагт очиж шуудайтай шороо шохой холилдон шатаж байсныг 1:23 цаг ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 25-617 тоотод гараашаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 07:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 07:08 цагт очиж иргэн Б-ийн 8×10 метрийн хэмжээтэй байшингийн доор гараашийн цахилгааны утас шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Баян-Өлзийт багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 48 км, сумын төвөөс зүүн зүгт 3 км/-т Иргэн Л-гийн 8 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 04.27-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч 04.27-ны өдрийн 09:40 цагт очиж иргэн Л-ийн 8 ханатай гэр шатсан газар дээр очиж хэргийн газрын үзлэг хийж гадны нөлөөтэй гэж үзэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4/А дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 08:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 08:42 цагт очиж иргэн Э-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, иргэн С-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин дээвэр тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Цасан шуурга: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Хүрэмтийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 150 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/  Иргэн Л нь 04.25-ны өдрийн 12:30 цагийн орчим Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэрлүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болсон дуудлагыг 04.26-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Л/16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.26-ны өдрийн 17:50 цагт “Нар-Уулын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ унаж явсан мотоциклыг олсон. 04.27-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 09:30 цагт Дэлгэр сумаас баруун урд зүгт 50 км-т “Хүрэмтийн-Амны Огторгоны бууц” гэдэг газраас цогцсыг олсон.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо автозамын зорчих хэсэгт Зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 17:02 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км замыг туулан 17:18 цагт очиход “Бэлх” хүнсний захын дэргэд автозамын зорчих хэсэгт “Тоёота Приус-30” загварын суудлын автомашин осолдож автомашины төмөр хийцэд нэр, нас, хаяг тодорхойгүй 2 эрэгтэй хүн хавчуулагдан нас барсан байсныг 1:20 цаг ажиллаж цогцсыг гарган Тээврийн цагдаагийн ахлах зохицуулагчид шилжүүлэн өгсөн.

Усны осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16’11.0″, У-100°46’14.0″/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. 04.26-ны өдрийн 08:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У /32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 04.27-ны өдрийн байдлаар 5 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1 дүгээр бүлэг: “Тэгш булан” гэдэг газраас “Цацын булан” гэдэг газар хүртэл 35 км-т голоор завьтай урсаж, завиар “Ногоон арал”, “Их арал”-д хүмүүсийг хүргэж арлаар явганаар, 2 дугаар бүлэг “Тэгш булан” гэдэг газраас “Цацын булан” гэдэг газар хүртэл 35 км-т голын эрэг дагуу явганаар, 3 дугаар бүлэг “Хөх хүзүүний ам”-аас “Цацын булан”, “Ногоон арал”, “Овоот”, “Долоогийн булан”, “Тэгш булан” гэдэг газруудаар 46 км-т, 4 дүгээр бүлэг “Нохойн-Ам” гэдэг газраас голын зүүн талаар “Хайстын бярвааз” хүртэл 36 км-т, “Хайс” гэдэг газраас “Баянагтын гоорой” гэдэг газар хүртэл 13 км-т, “Нохойн-Ам” гэдэг газраас голоо өгсөн Сэлэнгийн голын салаануудаар “Хайст” гэдэг газар хүртэл 28 км-т, 5 дугаар бүлэг “Тэгш булан”-гаас “Цацын булан” гэдэг газар хүртэл 35 км-т  явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 20:35 цагт түр зогсоож 04.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.Цаг агаар: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан сумдын нутгаар салхи тогтуун, өдөртөө 4-9 градус дулаан, шөнөдөө 3-7 градус хүйтэн байна.

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Зүүн цагаан” гэдэг газар / сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т Малчин Д /33 настай, эрэгтэй/ 04.26-ны өдрийн 10:00 цагийн орчим мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 04.27-ны өдрийн 07:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын ажилтнууд малчин Д /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 04.27-ны өдрийн 06:45 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 18:00 цагт Дэвшил багаас хойд зүгт 15 км-т, гэрээс нь баруун хойд зүгт 5 км-т “Зүүн цагааны нуруу” гэдэг газраас цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км/-т Малчин О /35 настай, эрэгтэй/ 04.26-ны өдрийн 11:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 04.27-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд малчин О/35 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа 04.27-ны өдрийн 08:30 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 19:12 цагт гэрээс нь зүүн урд зүгт 45 км-т “Гиваан шанд” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Жаргалантын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 290 км, сумын төвөөс баруун зүгт 19 км/-т Малчин Г /60 настай, эрэгтэй/ 04.26-ний өдрийн 17:00 цагийн орчим явганаар малдаа яваад сураггүй болсон дуудлагыг 04.27-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус сумын Өлзийт багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 04.27-ны өдрийн 16:00 цагаас малчин Г/60 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Мөн сумын Замтын даваа хаагдсан тул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хаагдсан давааг нээхээр 20:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.

Бусад төрлийн осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Мангирт”-ын 9 дүгээр хэсгийн 4 дүгээр гудамжинд айлын хашаанд ухсан нүхэнд адуу унасан байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 09:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 5.3 км зам туулан 10:27 цагт очиж эзэнгүй айлын хашаанд 3 м гүн нүхэнд адуу унасан байсныг 20 минут ажиллаж гарган аймгийн Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрчим” 13 дугаар багийн /Мөрөн сумаас урд зүгт 12 км/-т “Дэлгэрмөрөн” гол “Хилэнтийн гүүр”-нээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 15:23 цагт очиж 32 минут ажиллан иргэн С /31 настай, эрэгтэй/-ыг аюулгүй болгон гүүрэн дээрээс буулган 15:55 цагт аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top