Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл аймгуудын нутгаар шороо шуурч цас орсон.

Өнөөдөр: Өнөөдөр Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна. Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр эрс сэрүүсэж 4-9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-10-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 7-ноос ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн 5 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн зүгт 32 км, сумын төвд/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 09:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 32 км замыг туулан 10:17 цагт очиж 5 дугаар гудамжинд иргэн Б-ийн 4х4 метрийн хэмжээтэй малын өвөлжөө, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн “Тамир хороолол”-ын 35 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн Б-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшин, хөрөө рам шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Сан Шайна” хотхоны 333 дугаар байрны 2 дугаар орцны 14 давхарт айл шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:25 цагт очиж иргэн Д-ын 88м2 хэмжээтэй 3 өрөө байрны зочны өрөө, унтлагын өрөө, эд хогшил тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт:Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 329 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т, Ө-51°20”24.0” У-100°25”12.0”/ 05.06-ны өдрийн 02:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 02:35 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Гол, мөрний усны үер: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Сэлэнгэ гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т, сумын төвөөс урд зүгт 23 км-т/ “Сэлэнгэ” мөрнийн арал дээр иргэн Э-ийн гэр /3 хүнтэй/ усанд автагдах гэж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 20:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 170 км замыг туулан очиж 05.05-ны өдрийн 06:00 цагаас тус сумын харьяат иргэн Э /41 настай, эрэгтэй/, Т /38 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/ нар гэртэйгээ Тариалан сумын Сэлэнгэ багийн “Улаан шугуй” гэдэг газарт усанд автсаныг 6:12 цаг ажиллан Сэлэнгэ багийн “Чойнжуур” гэдэг газар нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон.

5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн төвд /аймгийн төвөөс урд зүгт 227 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ 05.04-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Г нь гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 05.04-ний өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Галт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд тус сумын харьяат иргэн Г /20 настай, эрэгтэй/-ыг 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг тус багийн “Бор дэвсэг” гэдэг газраас “Бяцхан мухарын-Ам” гэдэг газар хүртэл 15 км-т явганаар, 2 дугаар бүлэг тус багийн “Идэрийн гол” гэдэг газраас “Доод давааны-Ам” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:09 цагт түр зогсоосон. 05.06-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Цас шаварт суусан: Төв аймгийн Баян сумын 1 дүгээр багийн “Цант” гэдэг газар Автомашинтай иргэд цасанд суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 00:15 цагт очиж “Цант” гэдэг газар Приус-20 загварын автомашинтай цасанд суусан /автомашин нь эвдэрсэн/ иргэн Б /42 настай, эрэгтэй/, Ц/42 настай, эмэгтэй/, А /7 настай, эрэгтэй/, М /5 настай, эрэгтэй/, БС /2 настай, эмэгтэй/ нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлэн тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Бурхант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 12 км, сумын төвөөс зүүн зүгт 12 км/-т Автомашинтай 3 хүн цасанд суусан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 04:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 06:20 цагт очиж Говьсүмбэр аймгаас тус аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан “Чойр төмөр зам”-ын холбооны эзэмшлийн “УАЗ 39-09” загварын суудлын автомашинтай 3 хүн цасанд суусан байсныг автомашиныг үлдээж зорчин явсан 3 иргэнийг авч аймгийн төвд хүргэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top