Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Архангай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал:  16-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж  багийн 5 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 14:52 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 1 км  зам туулан 14:54 цагт очиход иргэн Б-ийн хашаа шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.  

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн “Зуун найман төгөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т/  Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:36 цагт очиход иргэн Ц-ын 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 06:02 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 06:07 цагт очиход иргэн Ү-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны 33 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 19:24 цагт очиход иргэн Э-ын 4 ханатай гэр шатаж байсныг иргэд унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /76 настай, эрэгтэй/ бага зэрэг түлэгдсэн байсныг ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Өндрөөс унах: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 12 дугаар байр 9 давхар орон сууцны барилгын 4 дүгээр давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 23:23 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан 23:27 цагт очиход тус байрны иргэн Э /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 4 дүгээр давхраас унаж гэмтсэн байсныг Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэж өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top