Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчимоор 0-2 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, зарим үед 28-30 метрийг давж хүчтэй шороон шуурна шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 35А дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 09:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан, 09:29 цагт очиж иргэн Н-ын 6 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр багийн “Толь” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 14 км/-т 05.17-ны өдрийн 17:00 цагийн орчим хашаа шатсан тухай мэдээллийг 05.17-ны өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй хашаа шатсан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багийн Ундраа 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 17:09 цагт очиж иргэн О-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Лүн сумын Төв 3 дугаар багийн Рашаант хэсгийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 19:22 цагт очиж иргэн Н-ын 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүл хотхоны 103 дугаар байрны дэргэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 00:08 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 00:14 цагт очиж 103 дугаар байрны дэргэд иргэн Н-ийн “Сонато-6” загварын автомашины тээшний хэсэг, П-ийн “Приус-20” загварын автомашины гадна тал тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хойхоон-Ам” гэдэг газар “Туул” голд бага насны хүүхэд усанд осолдсон тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 17:47 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 18:30 цагт очиж иргэн М /5 настай, эрэгтэй/-ыг “Хойхоон-Ам” гэдэг газар “Туул” голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 05.18-ны өдрийн 06:40 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top