ОБЕГ-ын дэд хурандаа Д.Содномрагчаа, АНУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташегийн туслах Мэттью Смолы болон АНУ-ын Үндэсний Орон зайн мэдээллийн албаныхантай цахим уулзалт хийж, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа гамшгийн орон зайн мэдээллийн системүүд, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Энэ үеэр тус байгууллагатай хамтран нисгэгчгүй хөөрөх төхөөрөмжийг ашиглан шинжлэх ухааны арга зүйд суурилсан орон зайн дүн шинжилгээ хийх, шинэ программ хангамж нэвтрүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.
АНУ-ын Үндэсний Орон зайн мэдээллийн албанаас орон зайн мэдээллийн систем, гамшгийн орон зайн мэдээллийн чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Гамшгаас хамгаалах, гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системд суурилсан төрөл, чиглэл бүрийн нээлттэй системүүдийг хөгжүүлэн Онцгой байдлын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлээд байгаа билээ.
Орон зайн мэдээлэлд суурилсан дэвшилтэд технологийг ашиглах чиглэлээр олон орны ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах зэргээр тогтмол хамтын ажиллагаатай ажилладаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.