Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо, Завхан, Увс аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Өнөөдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч ялангуяа Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ахиухан хэмжээний хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна. Өнөөдөр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр – ААН, байгууллагын өмчид гарсан: Сүхбаатар аймаг. Баруун-Урт сум. 5 дугаар багийн “Молцог-Элс” ХХК-ийн хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 12:18 цагт хүлээн авсан.

Тус сумын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг 12:22 цагт очиж иргэн Б-ийн 15х15 метрийн хэмжээтэй 10 ширхэг хураалттай палк мод, аргал шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг. Дархан сум. 7 дугаар баг “Гурван Сайхан” ХХК-ийн хүнсний үйлдвэрт зайрмагны туслах бараа материал шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 15:04 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 15:12 цагт очиж Баян-Уул 1 дүгээр гудамж 108а тоотод “Гурван Сайхан” ХХК-ийн хүнсний үйлдвэрийн хашаанд 40 тн-ын чингэлэгт 70 шуудай зайрмагны модон иш шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймаг, Баян-Өндөр сум. Элгэн багийн “Алтантээл” гэдэг газарт /сумын төвөөс баруун зүгт 60 км/-т 05.20-ны өдрийн 17:00 цагийн үед 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 05.21-ний өдрийн 13:43 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан алба хаагчид 05:20-ны өдрийн 20:00 цагт очиж иргэн М-ын 4 ханатай гэр шатсан газар ажилласан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 18 дугаар хороо, Ерөнхий боловсролын 84 дүгээр дунд сургуулийн дэргэд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 07:34 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 07:39 цагт очиж Ерөнхий боловсролын 84 дүгээр дунд сургуулийн дэргэд эзэн тодорхойгүй 3х4 метрийн хэмжээтэй гараашийн хаалга шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцэст “Лац Хишиг” ХХК-ийн хашаанд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 15:44 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 15:50 цагт очиж “Лац Хишиг” ХХК-ийн хашаанд иргэн С-ын “Сонато-6” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 17:40 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 17:54 цагт очиж Тахилтын 21 дүгээр гудамжинд иргэн Э-ийн 6х14 метрийн хэмжээтэй байшин, мөн гудамжинд иргэн Э-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 22 гудамжинд Б-ын 5х10 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 34 дүгээр хороо, Найрамдал зуслан, “Улаан толгойн-Ам”-ны задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 01:01 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:09 цагт очиж “Улаан толгойн-Ам”-ны задгайд иргэн П-ын “Приус-30” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, Цагаан-Эргийн 2 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 01:45 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 02:02 цагт очиж Цагаан-Эргийн 2 дугаар гудамжинд иргэн О-гийн 10 метр хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 9 дүгээр багийн “Хайлааст” 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 20:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:14 цагт очиж Хайлааст 5 дугаар гудамжинд иргэн Э-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 1м2 хашаа шатаж байсныг 46 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Дэлгэрцогт сум. “Дэлгэр-Эмт” багийн Алтанзагас хорооллын 4 дүгээр гудамжинд 05.21-ний өдрийн 23:40 цагт 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 05.22-ны өдрийн 00:01 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 30 иргэн 23:30 цагт очиж 4 дүгээр гудамжинд 4 ханатай гэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Гал түймэрт иргэн Д/52 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Цагдаа, Шүүх шинжилгээний албаны алба хаагчид очиж ажилласан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг.20-р хороо “Далангийн гарам” гэдэг газар “Туул” голд 1 хүн осолдсон тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 16:48 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20.5 км замыг туулан 17:26 цагт очиж 30 минут ажиллаж иргэн Н/26 настай, эрэгтэй/-ыг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчид хүлээлгэн өгсөн.

Өндрөөс унах: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороо, “Илд бамбай” харуул хамгаалалтын газрын хашаанд хүн өндрөөс унаад төмөр хашаанд сүлбэгдсэн байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 23:39 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8 км замыг туулан 23:48 цагт очиж иргэн Т/17 настай, эрэгтэй/ 2 дугаар давхрын цонхоор унаж төмөр хашаанд баруун хөлний гуяны хэсгээр сүлбэгдсэн байсныг 15 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүн болон НТТТ-ийн 103-ын эмчид тус тус хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Завхан аймаг, Алдархаан сум. Мандаат багийн “Хүрэн толгойн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс баруун урд зүгт 5 км/-т “Богд” голд суудлын автомашин суусан гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 23:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 00:15 цагт очиж иргэн Ч-ын “Прадо-95” загварын суудлын автомашинтай “Богд” голд суусан байсныг 19 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top