Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

     Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт хур тунадас орсон бөгөөд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:   Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 8-13 м/с, тал, хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 28 м/с давж ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд 7-12 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Зүүн жирэм” гэдэг газар /сумын төвд/ Сендвичэн амбаар шатсан тухай мэдээллийг 05.22-ны өдрийн 19:27 цагт хүлээн авсан.  Тус сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн байнгын хяналтын цэгийн байрны зориулалтаар ашиглаж байсан 2х3 метрийн хэмжээтэй сендвичин амбаар шатсаныг орон нутгийн 15 иргэн, 2 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 20:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, Ө-51°15”36.0”У-100°23”24.0”/ 05.22-ны өдрийн 19:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 19:55 цагт ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top