Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-р сарын 1, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 31, 1-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 31-нээс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 30-наас 31-нд шилжих шөнө төвийн аймгуудын газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий боловсролын 68 дугаар дунд сургуулийн дэргэд баригдаж байгаа барилга дотор эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 14:57 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:01 цагт очиход Ерөнхий боловсролын 68 дугаар дунд сургуулийн дэргэд “Гангар Инвест” ХХК-ийн баригдаж буй барилгын зоорийн давхарт 5х7 метрийн хэмжээтэй өрөөнд барилгын материал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын шинэ айл 13 дугаар багт малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 09:08 цагт цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:11 цагт очиж 13 дугаар багийн 13-403 тоотод иргэн Т-ийн 2х2 метрийн хэмжээтэй малын саравчны дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар, Хужирбулангийн гудамжинд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 02:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 02:50 цагт очиж Хужирбулангийн гудамжинд иргэн Э-ийн хашаан дотор 2м3 орчим хураалттай мод шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 40 км-т, 51°13”12.0”N 100°19”48.0”E/ 05.29-ний өдрийн 07:36 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 07:55 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:     

Өндрөөс унах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын 1020 дугаар байр 4 дүгээр давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 19:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 13 км замыг туулан 20:06 цагт очиж иргэн А/17 настай, эмэгтэй/ үсрэх гэж байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top