1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 14:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 14:53 цагт очиход иргэн Э-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:46 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Иргэн Ц-нь /согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ 06.02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явган гарч яваад Ховд голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 09:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Ц /48 настай, эмэгтэй/-ийг “Цоохор харгана” гэдэг газраас “Цахирын-Үзүүр” гэдэг газар хүртэл 15 км завиар, Ховд голын эрэг дагуу 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:00 цагт түр зогсоосон. 06.03-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Өлийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 85 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ 06.01-ний 23:00 цагийн орчим “Туул” голд автомашин сууж, 2 иргэн голд урссан байж болзошгүй дуудлагыг 06.02-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 90 км зам туулан 08:50 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Г /38 настай, эрэгтэй/-ын цогцсыг 09:46 цагт, Баянзүрх дүүргийн харьяат иргэн Ц /64 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 10:05 цагт тус тус Туул голын уснаас гарган Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР