1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ёрөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсэж 6-11 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө 5-7 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 8, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн. 9-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 27/1 дүгээр байрны дэргэд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:32 цагт очиж 27/1 дүгээр байрны дэргэд хогийн цэг шатаж, иргэн Б-ийн “Тоёота Харриэр” загварын автомашины зүүн талын хэсэг галын дөлд хайрагдаж, салоны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Амазон” хүнсний зах шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 10:17 цагт очиж “Амазон” хүнсний зах дотор иргэн Ц-ын 1х1 метрийн хэмжээтэй гар утас засварын лангуу шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Голомт” банкны цахилгааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 04:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 04:08 цагт очиж “Голомт” банкны 1, 2 дугаар давхарт цахилгаан хувиарлах самбар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, “Алтан-Овоо”-гийн 34 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 17:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:53 цагт очиж “Алтан-Овоо”-гийн д иргэн С-ийн 5 ханатай гэр, Ц-ийн 5 ханатай гэр, М-ийн 4 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 15 метр хашаа тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сум
Буурагчин багийн “Халуун рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 305 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 125 км-т/, Түймрийн солбицол: Урд тал 49°01”26.8” N 107°31”20.1”E, зүүн тал 49°01”29.7” N 107°32’29.4”E 06.04-ний өдрийн 20:05 цагт www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад ойн түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 06.06-ны өдрийн 15:18 цагт түймрийн голомтод очсон. Түймрийн нөхцөл байдал хойд талдаа уулын ам хэсгээрээ 2 км орчим өтгөн утаатай, баруун тал, урд тал болон баруун урд тал унтарсан. Алба хаагчдыг 3 бүлэгт хуваан түймрийн зүүн болон зүүн хойд талдаа ажиллаж байна. 06.06-ны өдрийн 15:00 цагаас хойш тэнгэр бүрхэг, үе үе бороо шивэрч байна.
4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Үер – Уруйн үер: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Хар тойром багийн “Дошомтын цайдам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-т 06.06-ны өдрийн 16:00 цагийн орчим дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж 5 ханатай гэр үерийн усанд урссан тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 50 км замыг туулан 21:15 цагт очиж Хар тойром багийн “Дошомтын цайдам” гэдэг газар иргэн Ц-ийн 5 ханатай гэр үерийн усанд урссаныг 3 цаг ажиллаж гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Иргэн Ц нь 06.02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад Ховд голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 09:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.06-ны өдрийн 07:00 цагаас иргэн Ц /48 настай, эмэгтэй/-ийг тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас Баянхошуу багийн “Мянгадын гүүр” гэдэг газар хүртэл 40 км завиар, “Ховд” голын эрэг дагуу 40 км явганаар, 2.5-5 метрийн гүнд 18 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:00 цагт түр зогсоосон. 06.07-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Боргол 2 дугаар багийн “Цадаагийн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 35 км/-т 06.06-ны өдрийн 20:00 цагийн орчим 10 настай хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 22:11 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд, Арбулаг багийн иргэд, ар гэрийнхэн Цадаагийн-Эх гэдэг газраас хойд зүгт 8 км-т Ховоот гэдэг газар малаа хариулж яваад сураггүй болсон иргэн А /10 настай, эмэгтэй/-ийг “Цадаагийн-Эх”, “Ховоот” гэдэг газруудаар 4 хэсэгт хуваагдан 06.06-ны өдрийн 22:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР