Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Завхан, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орж, Говь-Алтай, Өмнөговь аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи 7-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна. 9,10-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн сумын төвд /аймгийн төвөөс баруун зүгт 171 км-т/ Байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны оройн 23:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, тус аймаг дахь Цагдаагийн алба хаагчид, Жаргалант сум дахь Улсын нөөцийн салбарын ажилтнууд, орон нутгийн иргэд очиход тус сумын Засаг даргын Тамгын газрын 10х30 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 4 цаг 10 минут ажиллаж унтраасан. 

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Товчооны 2 дугаар гудамжинд Сендвичэн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 02:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 02:41 цагт очиход “ММК” ХХК-ийн модон эдлэлийн үйлдвэрийн 20×15 метрийн хэмжээтэй модны цехийн дээвэр, хана шатаж байсныг 40 минут, хүч нэмэгдүүлж Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 02:56 цагт очиж 35 минут тус тус ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 5 дугаар гудамжинд хүн шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 09:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.3 км замыг туулан 09:15 цагт очиход тус аймгийн харьяат иргэн Д /61 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ өөрийгөө шатааж нас барсан, галыг иргэд унтраасан байсан. Иргэн Д-ийн цогцсыг тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагчид шилжүүлж өгсөн.

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Алтан Дорнод” шинэ хороолол гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 226 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ гэр шатаж байна гэсэн мэдээллийг 06.05-ны өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд иргэн Ц-ын 5 ханатай гэр шатаж байсныг 29 минут ажиллаж 16:31 цагт бүрэн унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 19 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 17:24 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:32 цагт очиход иргэн Л-ын 8×10 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 18:26 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 18:36 цагт очиход иргэн Б-ын 8×6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 20:00 цагт очиход иргэн Г-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт иргэн Б-ийн 8х11 метрийн хэмжээтэй байшингийн баруун хана болон дээврийн шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Бүгийн хэв” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 18 км-т, сумын төвөөс урд зүгт 14 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 20:48 цагт очиход иргэн Э-ын УАЗ 469 загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Билгэх багийн “Бумбын-Овоо” 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 22:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22:19 цагт очиход иргэн Б /согтууруулах ундаа хэрэглэж гэрээ шатаасан/-ын 5 ханатай гэр шатаж байсныг 9 минут ажиллаж унтрааж, иргэн Б-ыг тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэж өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 22 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 00:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 00:38 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр, 5 метр хашаа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.   

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн Гандан гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 05:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5км замыг туулан 05:16 цагт очиход 4 айлын нийтийн байрны иргэн О, Ч нарын 10х5 метрийн хэмжээтэй шавар байшингийн дээвэр, эд хогшил, цонх, хаалга, амбаар, 10 метр хашаа шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Халуун рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 305 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 125 км-т/ 06.04-ний өдрийн 20:05 цагт www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад ойн түймрийн цэг илэрсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 06.05-ны өдрийн 15:14 цагт “Ерөө” голыг гатлах явцад автомашины мотор эвдэрсэн тул Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 1 алба хаагч, орон нутгийн 1 иргэн, 1 автомашинтай сэлбэг хүргэхээр мөн өдрийн 19:50 цагт хөдөлгөөн үйлдсэн. Орон нутгийн 1 иргэний автомашинаар 16 алба хаагч “Шарлан голын гарам”-д хүргүүлж, цааш 20 км замыг явганаар явж түймрийн голомтод хүрэх тухай мэдээллийг 20:35 цагт мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Иргэн Ц нь 06.02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 09:12 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.05-ны өдөр тус аймгийн харьяат иргэн Ц /48 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-ийг тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас Гахайт багийн “Цэхийн-Эх” гэдэг газар  хүртэл 30 км завиар, “Ховд” голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2.5 метрийн гүнд 8 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй мөн өдрийн тул 23:20 цагт түр зогсоосон. 06.06-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top