Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө аадар бороо орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14,15-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан:Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 59, 68 дугаар байрны дэргэд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 23:44 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 23:52 цагт очиж 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Шивээ”-ийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 14:38 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:42 цагт очиж иргэн Ө-ийн 4 ханатай шатаж байсныг 23 минут ажиллаж унтраан аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэж өгсөн.

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер – Гол, мөрний усны үер: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг Найрамдал 7 дугаар хэсгийн задгайд /аймгийн төвөөс урд зүгт 175 км, сумын төвөөс хойд зүгт 5 км/-т “Хараа” гол үерлэж 1 айл усанд автсан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 10:37 цагт очиж иргэн А-ын хашаа усанд автсан байсныг 1 цаг 58 минут ажиллан 2 том хүн, 4 хүүхдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн. Баянгол сум дахь ГТУА 40 дүгээрр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газраас 7 ажилтан, 1 тусгай зориулалтын /экскватор/ автомашин, орон нутгийн 8 иргэн, нийт 16 хүн, 1 автомашинтай үерийн усыг зайлуулах, далан босгох арга хэмжээ авч ажилласан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн Гүнтолгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 138 км, сумын төвөөс хойд зүгт 40 км/ 1 айл, 500 бог, 30 бод мал “Ерөө” голын үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн алба хаагчид, Ерөө сумын байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан ажилтнууд 98 км зам туулан 17:50 цагт очиж 1 айлын 4 том хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн. 500 бог, 30 бод малыг 06.11-ны өдрийн 06:00 цагаас эхлэн “Ерөө” голоор гаргах арга хэмжээ аван ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн “Үнэглэг хэсэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 212 км, сумын төвөөс зүүн зүгт 32 км/ 4 айл, 374 бог мал “Хараа” голын үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 32 км замыг туулан 18:00 цагт очиж 5 цаг ажиллан иргэн Т, Г, Т нарын гэр бүлийн 8 том хүн, 6 хүүхэд, 374 бог мал, 3 гэрийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн “Дэнжийн Гацал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 122 км, сумын төвөөс хойд зүгт 24 км/-т 1 айл “Ерөө” голын үерт автсан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн алба хаагчид 16 км замыг туулан 22:12 цагт очиж иргэн Э, О нарыг 1 цаг 18 минут ажиллан аюулгүй газар гаргасан.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой 2 дугаар багийн задгайд /аймгийн төвөөс урд зүгт 105 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т 2 айл “Ерөө” голын үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид 06.11-ний өдрийн 04:30 цагт ангийн байрлалаас хөдөлгөөн үйлдсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Иргэн Ц нь 06.02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад Ховд голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 09:12 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.10-ны өдрийн 07:00 цагаас эхлэн иргэн Ц /48 настай, эмэгтэй/-ийг тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас Баянхошуу багийн “Мянгадын гүүр” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар 20 км-т завиар урсаж, 3-5 метрийн гүнд 8 удаагийн шумбалт шумбалт хийж, голын эрэг дагуу 50 км-ын тойрогт явганаар болон морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:00 цагт “Цоохор харгана” гэдэг газраас зүүн урд зүгт 80 км-т Цагаанбулан багийн “Шавартын тохой” гэдэг газар “Ховд” голын эргээс цогцсыг олж, аймгийн цагдаагийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 6 дугаар хэсэг “Бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т нүхэнд хүн дарагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 03:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Баянгол сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 04:34 цагаас эхлэн нэр, нас тодорхойгүй 1 хүн нүхэнд дарагдсан, толгойн хэсэг нь ил гарсан байдалтай цогцсыг гаргахаар ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top