Байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

159A9624.jpg

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллалаа.

Энэ үеэр тус газрын үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэх чадавхи, бэлтгэл бэлэн байдал, техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжтэй танилцаж, удирдах бүрэлдэхүүн, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн алба хаагчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм.

Тэрээр “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ төлөө өөрсдийн эрүүл мэнд, ар гэрийн амьдралаа хойш тавин ажиллаж буй энэ цагийн эрэлхэг баатрууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Алба хаагчдын үүрэг гүйцэтгэх орчин, нөхцөл, ар гэр, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд миний бие бүх талаар дэмжиж ажиллах болно“ хэмээн онцлон тэмдэглэлээ.

Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шинэ долоо хоногийн шуурхай хурлыг удирдаж, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням үер усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй, цаашид шаардлагатай арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа” талаар дурдаад  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй гэлээ.

Хууль батлагдсанаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм. Мөн Улаанбаатар хот биеэ даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Ингэснээр хотын тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой болох юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаад Хот байгуулалт, Газрын тухай хууль зэрэг олон хууль өөрчлөгдөх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top