Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Төв аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.


Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 15-нд зарим газраар, 16-17-нд говь, тал хээрийн нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17,18-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.

2. Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Бичигт” боомт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 200 тн орчим боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 06.13-ны өдрийн 18:25 цагт очсон. 200 тн нуруулдсан өвс шатаж байгааг тойруулан зурвас татсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Аргалант сумын Аргалын-Уул багийн /сумын төвөөс баруун урд зүгт 7 км/-т “Жекс” үнээний ферм гэдэг газарт 6 ханатай гэр 06.14-ний өдрийн 06:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 06.14-ний өдрийн 07:10 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд иргэн Г-ын 6 ханатай гэр шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн авто замын шалган нэвтрүүлэх хяналтын цэгийн урд талд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 07:50 цагт очиж Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн “Волво” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 7А дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 08:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 08:18 цагт очиж иргэн А-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 56 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 11:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:45 цагт очиж иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, “Их-Ам” гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:43 цагт очиж “Их-Ам” гудамжинд иргэн П-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 2 метр хашаа тус тус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top