Р.Оюунжаргал
Усанд эрэн хайгч, аврагчид өчигдрөөс Туул гол дагуу завытай эргүүлд гарч эхэллээ. Тэд бол нийслэлийн Аерах ангийн зургадугаар бүлгийн алба хаагчид юм. Энэ хавар Туул голын усны түвшин 20-30 см-ээр нэмэгджээ. Тиймээс иргэдийг болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд голын эрэг рүү ойртуулахгүй байх, хэн нэгэн усанд хөл алдах, живэх тохиолдолд аврах үүргийг завьт эргүүлүүд гүйцэтгэнэ. Энэ хавар улсын хэмжээнд 20 хүн усанд осолдож, амиа алджээ. Нийслэлд нөхцөл байдал ямар байгаа талаар тус бүлгийн дарга Д.Энхбаяраатай ярилцлаа.
-Голын усны түвшин нэмэгдсэн үед хүмүүс эрэгт амарч, зугаалах тохиолдол хэр олон байна вэ. Та бүхний ажилд хүндрэл хэр гарах төлөвтэй бол?
-Завьт эргүүлүүд өнөөдрөөс (06.10) ажилдаа гарч байна. Манай анги нийслэлийн Засаг даргын захирамжаар Цагдаагийн удирдах газрынхантай хамтарч ажилладаг. Зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд буюу иргэдийн амралт, зугаалгын цагаар Туул голоор явж, эргүүл хийх үүрэгтэй. Мөн нийслэлийн зургаан дүүргээс аврагч, гал сөнөөгчид машинтай болон явганаар голын эрэг дагуу эргүүл хийдэг л дээ. Одоогоор нөхцөл байдал тайван. Зуны улиралд гол үертэй байсан ч ирэх хүмүүсийн тоо төдийлөн буурахгүй. Сэрэмжлүүлэн ажиллах нь бидний үүрэг. Бид аюулгүй байдлынх нь үүднээс сануулж, эргээс холдуулах ёстой. Хүмүүс голын эрэгт ирэхээрээ анхаарал нь сулардаг. Өөрсдөө гэнэдэнэ, хүүхдээ хараа, хяналтгүй орхисноос усанд осолдох эрсдэлтэй. Хавар гол гэсэж эхлэх үед мөсөн дээгүүр машинтай явж байгаад осолдох шахсан тохиолдол Налайх, Баянзүрх дүүрэгт хэд хэдэн удаа гарсан. Мөс цөмрөөд, машин нь суучихсан байсан. Манай баг аврах ажиллагаа явуулснаар хүний амь хохироогүй.
-Ажилдаа хэдэн завьтай гарсан бэ?
-Хоёр завь, хоёр машинтай гарлаа. Налайх дүүргээс бас нэг бүлэг гарч байгаа. Тэгэхээр Туул гол дагуу гурван бүлэг ажиллана гэсэн үг.
-Танайх нийслэлийн Аврах ангийн бүлэг юм байна. Анги нийт хэдэн бүлэгтэй вэ?
-Бүлэг гэдэг нь таван аврагч, нэг ахлагч буюу дарга, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй баг. Манай ангийн хэмжээнд найман бүлэг бий. Тэдгээрээс дөрөв нь эрэн хайх ажиллагааных. 2011 оноос хойш бид завьтай эргүүлд гардаг болсон.
-Завьтай эргүүл хийх нь хэр үр дүнтэй вэ?
-Явган, морьтой явснаас илүү үр дүнтэй. Усанд осолдсон хүний тоо жилээс жилд цөөрч байгаа нь голоор явж эргүүл хийдэг болсонтой холбоотой.
-Та хэдэн оноос ажиллаж байна вэ. Олон хүний амь аварсан уу?
-Би бүлэг байгуулсан цагаас ажилласан. Олон жил аврагчаар ажиллалаа. Дараа нь зааварлагч болж, гурван жилийн өмнөөс даргын албан тушаал хашиж байна. Хамт олонтойгоо нийт 1000 гаруй хүнийг усны ослоос аварсан.
–Эрэн хайгч, аврагчдыг тусгайлан бэлтгэдэг үү?
-Тийм ээ. Дотоод хэргийн их сургуульд мэргэжлийн аврагч, гал сөнөөгчдийг бэлтгэн, тусгай дунд боловсролтой төгсгөдөг.
-Аврагчдын ажиллах нөхцөл, боломж нь хангалттай юу?
-Анги багаж, хэрэгслийн хувьд хангалттай. 2017 оноос хойш хэрэглэж байгаа завинуудтай. Хамгийн сүүлд 2019 онд шинээр авсан нь ч бий.
-Хүн хүч нэмэх хэрэгцээ бий юу, эсвэл хангалттай юу?
-Ангийн хувьд хүн хүчнийхээ одоо байгаа нөөцийн хэмжээнд ажиллаад л байдаг. Гэхдээ нийслэлийн хүн ам хэд болон өсөж байгаа билээ гээд бодохоор аврагчийн тоог нэмэх шаардлагатай нь харагддаг.
-Аврагчид усны тусгай хувцас өмсөх нь бий, бас зориулалтын хувцасгүйгээр гол руу орчихдог ч юм билээ. Усанд буй биетийг мэдрэх багаж байдаггүй гэж хүмүүс ярихыг сонссон. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Усанд байгаа биетийг мэдрэх багаж гэж байхгүй. Хүн өөрийн биеэр хайж олно. Усчид хүн гол руу орсон газраас нь эхэлж эрдэг. Ер нь бол өвсөн дундаас зүү хайхтай адил. Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан Уснаас эрэн, хайх ажиллагааны журмын дагуу ажилладаг. Ус ихтэй, булингартай үед хэцүү байдаг. Хувцас, хэрэгслийн хувьд хангалт боломжийн.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин