Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 18-ны өдөр зүүн аймгуудын нутгаар 13-15 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-ны өдрөөс ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багийн 8 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 11:23 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:26 цагт очиж, иргэн Б-ийн 2×2 хэмжээтэй амбаар шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 11:36 цагт очиж, иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой:

. Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ 17 хүн самар түүж байснаас 6 хүн нь 06.08-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд 2 хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд үлдсэн 1 хүн нь нас барсан, 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 06.15-ны өдрийн 13:20 цагт Ерөө сумын “Байшинт” уулын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн. 06.16-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Ч нь отогоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоож, бүлгийг буцаах шийдвэрийг өгсөн.

Голын усанд суусан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн гүүр” гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин “Улиастай” голын усанд суусан тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 16:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 16:34 цагт очиход иргэн Э-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин “Улиастай” голын усанд сууж, автомашин дотор иргэн Э /35 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Х /10 настай, эрэгтэй/ нар гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж, автомашиныг нь татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top