Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Сэлэнгэ, Төв, Увс аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 19-нд зүүн аймгуудын нутгаар, 21, 22-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Булган сумын Агуйт багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна дуудлагыг 2021.06.17-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 1.4 км замыг туулан 14:01 цагт очиход иргэн Х-ийн 5х5 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан. 

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн “Цагаан бураа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 12 км-т/ Жимсний талбай шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 17:54 цагт очиход иргэн З-ийн жимсний талбайд шар өвс шатаж байсныг 13 минут унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 78 дугаар гудамжинд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 78 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 22:47 цагт очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Булган аймгийн Булган сумын Булган багийн “Тэс” ШТС-аас Шатахуун авч байсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 01:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 01:46 цагт очиход иргэн Л-ийн “Мицубиши Оутландер” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 322 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, Ө-51°15”3”, У-100°15”00”/ 06.17-ны өдрийн 08:41 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 08:49 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн ‘’Суварган булаг” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойш 214 км-т, сумын төвөөс зүүн урагш 20 км-т/ Иргэн Ш нь автомашинтайгаа “Хэрлэн” голыг гар татлагат бярваазаар гатлах үед нэг тросс тасарч, нэг троссон дээр автомашин нь тогтоож байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 21:18 цагт очиход иргэн Ш-ийн “Бонго 3” загварын дунд оврын ачааны автомашиныг иргэд татаж гаргасан байсан. Багануур дүүргийн харьяат иргэн А/54 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь “Хэрлэн” голд живж байсныг эсэн мэнд аварч, иргэн Ч-т хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ 17 хүн самар түүж байснаас 6 хүн нь 06.08-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд 2 хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд үлдсэн 1 хүн нь нас барсан, 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.     Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.15-ны өдрийн 13:20 хөдөлгөөн үйлдэж, 06.16-ны өдрийн 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/ нь отгоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Тус аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа 06.17-ны өдрийн 17:08 цагт “Хотгойн рашаан” гэдэг газраас 20 орчим км зайтай отог дээр ирэхэд иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан 2 иргэн /1 эрэгтэй, 1 эмэгтэй/ 06.12-ны өдрөөс хойш отог дээрээ ирээгүй тул “Хотгойн рашаан” гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top