1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23, 24-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 21- 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн Хилийн “Бичигт” боомт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/200 тн орчим боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 06.13-ны өдрийн 18:25 цагт очиж 200 тн нуруулдсан өвс шатаж байгааг тойруулан хээрийн түймрээс хамгаалах шороон зурвас татаж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Тухайн өвс нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны харьяат Жаргал гэдэг хүнийх бөгөөд БНХАУ руу гаргахаар 5-6 жил болсон./
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Скай ресидэнс” хотхоны 226 дугаар байрны гадна гал гарч байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:17 цагт очиход тус байрны гадна хураалгаатай цаасан хайрцаг, 5х5 метрийн хэмжээтэй гадна талын дулаалгын хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэрийн-Ам” гэдэг газар “Туул” голын усын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:58 цагт очиход нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат иргэн /Б 22 настай эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ “Туул” голын усанд живж, салаа руу урсан орж эсэн мэнд байхад нь аварч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ 17 хүн самар түүж байснаас 6 хүн нь 06.08-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд 2 хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд үлдсэн 1 хүн нь нас барсан, 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.15-ны өдрийн 13:20 хөдөлгөөн үйлдэж, 06.16-ны өдрийн 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч/50 настай, эрэгтэй/ нь отгоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Тус аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Оюунбаатар ахлуулсан бүлэг 06.17-ны өдрийн 17:08 цагт “Хотгойн рашаан” гэдэг газраас 20 орчим км-ын зайтай байдаг отог дээр ирэхэд иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан 2 хүн /1 эрэгтэй, 1 эмэгтэй/ 06.12-ны өдрөөс хойш отог дээрээ ирээгүй, сураггүй болсон мэдээллийн дагуу тухайн 2 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар “Хотгойн рашаан” гэдэг газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж 06.18-ны өдрийн 21:00 цагт тухайн отог дээр очлоо гэсэн мэдээллийг авсан. 06.19-ний өдрийн 23:00 цагийн орчим уулнаас буугаад сүлжээтэй газар очих байх, сүлжээтэй газар очоод холбоонд орох тухай Цагдаагийн газрын бүлгээс аймгийн Цагдаагийн газартайгаа холбогдсон байна. Эрлийн бүлэгт Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид “Хан-Хэнтийн УТХГазар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд хүний бүрэлдэхүүнтэй явж байна гэсэн мэдээллийг өгсөн.
Бусад төрлийн осол:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 27 дугаар байранд бага насны хүүхэд дулааны шугамын завсар хөлөө оруулж гацаасан тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 16:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 16:48 цагт очиход тус тоотод Б /1 нас 11 сартай, эмэгтэй/ хана, дулааны шугам хоёрын завсар хөлөө оруулж гацаасан байсныг тэлэгч багаж ашиглан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР