Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын зарим нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд Монгол Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 23, 26-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Мон Ленд” ХХК-ийн “Бумбын орон” амралтын газар хоолны заалны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 25 км замыг туулан 15:18 цагт очиход иргэн Б-ын тус амралтын газрын 24х24 метрийн хэмжээтэй дүнзэн байшин шатаж байсныг 4 цаг 13 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооны 9 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 12:35 цагт очиход иргэн Д-ийн 3 метр хашаа шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Онгон багийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-гийн гэр, эд хогшил 06.21-ний өдрийн 21:30 цагийн орчим шатсан гэсэн мэдээллийг 22:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Булаг хорооллын 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ний өдрийн 00:25 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:29 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, “Приус-20” загварын суудлын автомашины гэрэл, урд гүпер, хаалга хайрагдсан, 8х6 метрийн хэмжээтэй байшингийн зүүн хана, хаалганы хэсэг шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Баруун Хиагт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, сумын төвөөс урд зүгт 4 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг Хилийн 0101 дүгээр ангийн жижүүр 06.21-ний өдрийн 16:00 цагт мэдээлсэн. Тус аймгийн Хилийн 0101 дүгээр ангийн алба хаагчдыг 15:20 цагт очиход хээрийн түймэр гарч байсныг 20 минут ажиллан унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

  Усны осол: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн “Хөх хушуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 87 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ “Ерөө” голыг морьтой хүүхэд гаталж яваад голд урссан тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 21:01 цагт очиход Ө/16 настай, эрэгтэй/ “Ерөө” голын арал дээр байсныг аврах завь ашиглан аварч, аав А-д хүлээлгэж өгсөн.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хатуу багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 12 км-т, сумын төвөөс урд зүгт 6 км-т/ “Ховд” голын эрэгт хүний цогцос байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 21:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 12 км замыг туулан 21:44 цагт очиход нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг 1 цаг 21 минут ажиллаж гарган, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлж өгсөн.

 Бусад төрлийн осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 213 дугаар байранд бага насны хүүхэд тагтны төмөр хашлаганд хавчуулагдсан тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 17:36 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:50 цагт очиход Э /2 настай, эмэгтэй/ тагтны төмөр хашлаганы завсарт толгойгоо хавчуулсан байсныг гаргаж, ээж У-д хүлээлгэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top