1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Орхон, Хөвсгөл аймгийн нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 25-ны өдөр Алтайн салбар уулсаар, 26-ны өдөр нутгийн баруун хагаст, 27,28-ны өдөр зарим газраар 14-16 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
2.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Ховд сумын Ховд багийн сумын төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 06.14-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Л /46 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ сураггүй болсон өгөөд “Ховд” голд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн тасагт тухайн иргэнийг сураггүй болсон тухай мэдээлэл 06.17-ны өдөр ирсэн бөгөөд 06.17-06.21-ний өдрүүдэд орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Л/46 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 06.23-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 23:30 хүртэл зохион байгууллаа. 06.23-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Ховд сумын төвөөс тус сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газар хүртэл 11 км-т, мөн сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газраас “Гурван-Ам” гэдэг газар хүртэл 9 км-т, нийт 20 км-т “Ховд” голын усаар завиар урсаж, 3-5 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийсэн. 2 дугаар бүлэг Ховд сумын төвөөс мөн сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газар хүртэл 14 орчим км-т, “Индэрт” гэдэг газраас “Гурван-Ам” гэдэг газар хүртэл 5 км-т, нийт 19 км-т “Ховд” голын сав дагуу явганаар болон автомашинтайгаар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 23:30 цагт түр зогсоосон. 06.24-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Булган аймгийн Булган сумын Агуйт багийн 3 дугаар гудамжинд А нь /10 настай эмэгтэй/ 06.23-ны өдрийн 18:00 цагийн орчим гадаа тоглоно гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн А /10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 06.24-ний өдрийн 02:00 цагаас зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР