1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр 15-17 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 27-нд төв болон говийн аймгуудын нутгаар аагим халж, 28-29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 09:29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:35 цагт очиход “Номад Петс” ХХК-ийн нохойн хоолны үйлдвэрийн тоног төхөөрөмж шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1 дүгээр гудамжинд мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 09:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 10:03 цагт очиход эзэнгүй айлын гадна “Мустанг-5” загварын мотоцикл шатаж байсныг 2 минут ажиллаж унтрааж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах байцаагч, цагдаагийн байцаагчид хүлээлгэн өгсөн.
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн нуур багийн “Шар чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ Иргэн Х-ийн өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 00:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан 35 км замыг туулан 01:10 цагт очиход иргэн Х-ийн өвөлжөөний бууц шатаж байсныг 04 цаг 10 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төмөр замын тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 214 км-т, сумын төвөөс зүүн зүгт 6 км-т, У-48°96”40,8”, Ө-105°05”46”/ Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явж байсан ачааны галт тэрэг замын хажуу руу 06.24-ний өдрийн 20:40 цагт унасан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 км замыг туулан 02:38 цагт очиход бороо орж төмөр замын ул шороо угаагдаж төмөр зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны галт тэрэгний 9 вагон /7 вагон дизель түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ унаж, 3 вагоноос түлш асгарч байна. Улаанбаатар Төмөр замын галын галт тэрэг 6 вагонтой 46 алба хаагчтай 06.25-ны өдрийн 00:55 цагт хөдөлсөн. Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Ховд сумын Ховд багийн сумын төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 06.14-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Л сураггүй болсон өгөөд Ховд голд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн тасагт тухайн иргэнийг сураггүй болсон тухай мэдээлэл 06.17-ны өдөр ирсэн бөгөөд 06.17-06.21-ний өдрүүдэд орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Л/46 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 06.24-ний өдрийн 07:00 цагаас 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: Ховд сумын төвөөс тус сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газар хүртэл 20 км-т “Ховд” голоор завиар урсаж, 3-5 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийсэн. 2 дугаар бүлэг: “Ховд” голын эрэг дагуу 20 км-т морьтой болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ голын арал дээрээс иргэн Л-ийн цогцсыг 06.24-ний өдрийн 13:00 цагт олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн.
Булган аймгийн Булган сумын Агуйт багийн 3 дугаар гудамжинд А нь /10 настай эмэгтэй/ 06.23-ны өдрийн 18:00 цагийн орчим гадаа тоглоно гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн А /10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 06.24-ний өдрийн 02:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 09:53 цагт тус сумын иргэн Г-д хүүхэдтэй нь тоглож байгаад хоносон байсныг олсон тухай аав Б аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хар бэлчир” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 21 км-т/ Иргэн Б төөрсөн тухай дуудлагыг цагдаагийн байгууллагаас 06.25-ны өдрийн 01:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 21 км замыг туулан 02:30 цагт очиход иргэн Д, Б нар хоорондоо маргалдаж, иргэн Д /35 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ сураггүй болсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 02:30 цагт “Хар бэлчир” гэдэг газраас, 04:30 цагт иргэн Б /34 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийг “Мухарын-Ам” гэдэг газраас олж, Шарынгол сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР