Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар бороо орж, Увс, Ховд аймгийн нутгаар шороо шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-ний өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-ны өдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27, 28-ны өдөр зарим газраар 15-17 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-ны өдөр нутгийн төв хэсгээр, 28-ны өдөр нутгийн зүүн хагаст аагим халуун байх боловч 27-ны өдөр баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 12 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/Малын хаваржаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 13:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 13:45 цагт очиж, малчин Д-ын хаваржаа болон 10 м2 талбайд малын өтөг, бууц шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан. /Орон нутгаас 12 хүн, 5 автомашинтай ажилласан/

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой багийн 46 дугаар гудамжинд гэр, суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 04:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 04:28 цагт очиход иргэн Г-ийн 6 ханатай гэр, эд хогшил, “Филдэр” загварын суудлын автомашин шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.    

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Төмөр замын тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 214 км-т, сумын төвөөс зүүн зүгт 6 км-т, У-48°96”0,8’”, Ө-105°05”46”/ 06.22-ны өдөр Орхон суманд 28 мм-ийн усархаг бороо орж төмөр замын ул шороо угаагдаж, төмөр замд гэмтэл гарсны улмаас Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний вагон төмөр замаас гарсан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:45 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 км замыг туулан 02:38 цагт очиход “Салхит” өртөөнөөс “Эрдэнэт” өртөөний чиглэл дэх 78 дугаар км-т пк10 3200-2 дугаартай ачааны галт тэрэгний 8 вагон /6 вагон дизел түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ замаас гарч унасан, 3 вагоноос түлш гоожиж байсан тул түлшний асгаралтыг зогсоох, юүлэх, сэргээн босгохоор тус аймгийн Салхит сум дахь Улаанбаатар төмөр замын Аврах анги, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Төмөр замын цагдаагийн тасаг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны алба хаагчид ажиллаж байна. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны 2 ажилтан болон Улаанбаатар төмөр замын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг очсон ажиллаж байна. 05.26-ны 06:00 цагийн байдлаар 6 вагоныг босгон түлш /360 тн/-ийг юүлж дуусгасан бөгөөд 1 вагон техникийн тос /60 тн/-ыг юүлэхээр ажиллаж байна. Эвдэрсэн төмөр замыг сэргээн босгох ажиллагаа үргэлжилж байна.

Цогцос гаргах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Ерөнхий боловсролын 41 дүгээр дунд сургуулийн хойд талд “Туул” голын усанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 06.25-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 16:25 цагт очиж, “Туул” голын уснаас иргэн У /53 настай, эрэгтэй/-ийн цогцос байсныг аврах завь ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top