Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-ний өдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Луус сумын Наран багийн “Ихэр толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 34 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т/ Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд мал тээвэрлэж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 19:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 34 км замыг туулан 20:03 цагт очиж, И-ийн жолоодож явсан “Норд бенз НД4250” загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 03:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 03:09 цагт очиж, иргэн О-ын 5 ханатай гэр шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймэрт иргэн О /61 настай, эрэгтэй/ баруун гарын хэсгээрээ түлэгдсэн/

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн “Хадан хушуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т/ 07.04-ний өдрийн 17:30 цагийн орчим 7 хүн, 4 мотоциклтой Баян-Өндөр сумаас шатахуун аваад Зүлэгт багийн “Цам” гэдэг газрын чиглэлд гэрлүүгээ буцаж яваад 2 хүн нь аянгад цохиулж нас барсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:11 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19:17 цагт тухайн газарт очиход тус сумын харьяат малчин Г /21 настай, эрэгтэй/, Ч/21 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан. Цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Голын ус, шаварт суусан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн “Эрдэнэцогтын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 6 км-т/ Тус аймгийн Баянхонгор сумаас Эрдэнэцогт сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашинтай “Түйн” голын усанд суусан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 17:40 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:57 цагт очиж, “Ландкруйзер 100” загварын суудлын автомашин “Түйн” голын усанд сууж, дотор нь жолооч Э /40 настай эрэгтэй/, зорчигч Д /32 настай, эмэгтэй/ нар байсныг аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, автомашиныг нь татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top