Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 31-33 градус дулаан байна.

Төлөв байдал: 9, 10-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-ний өдөр нутгийн зарим газраар, 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 9,10-ны өдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, дүүргийн Нэгдсэн эмнэлэг Цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 22:52 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:58 цагт очиж, тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн цайны газарт гал тогооны хэрэгсэл болон агааржуулалтын хоолойн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 66 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 16:15 цагт очиж, иргэн М-ийн 2 метрийн урттай хашаа, 1х1 метрийн хэмжээтэй жорлон тус тус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын 1/А дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 23:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 23:53 цагт очиж, иргэн Ц-ын 3х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 7 км-т/ 5 хүн зугаалж явснаас 1 хүн “Дэлгэрмөрөн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16:14 цагт очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэн Б /32 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ын цогцсыг мөн өдрийн 16.46 цагт “Дэлгэрмөрөн” голын усны мандал /осолдсон газраас 2 км-ын зайтай/-аас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ 21 иргэн самар түүж явснаас Орхон аймгийн харьяат 1 хүн 2020.09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар 2020 оны 09.14-ний өдрөөс 09.26-ны өдөр 10.18-ны өдрөөс 10.26-ны өдөр хүртэл тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсныг дахин эрэн хайх хүсэлтийг 2021 оны 06.29-ний өдөр тус аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн 07.07-ны өдрийн 08:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Л /59 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.07-ны өдрийн байдлаар тус сумын Тариахтай багийн “Тариахтай-Овоо” гэдэг газраас “Тариахтай пост” гэдэг газар хүртэл 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 20:30 цагт зогсоосон.

Голын усанд суусан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн “Ганц бургас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ Тус аймгийн Баянхонгор сумаас Эрдэнэцогт сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан 5 зорчигч “Түйн” голын усанд автомашинтайгаа суусан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 20:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 20:45 цагт очиж, “УАЗ-3303” загварын суудлын автомашин “Түйн” голын усанд сууж, дотор нь жолооч Д /35 настай, эрэгтэй/, зорчигч Н /33 настай, эмэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/,  А /7 настай, эмэгтэй/, Д /4 настай, эрэгтэй/ нар байсныг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, автомашиныг татан гаргах боломжгүй тул орхисон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top