Хүссэн үедээ хувцсаа шүүрээд, хаашаа ч хамаагүй гараад давхичихмаар санагддаг нь ер бусын гэмээр эрх чөлөө. Бүүдгэр тэнгэр, бороо хуртай зургаадугаар сар дуусаж бүгчим хэр дулаахан өдрүүд энэ сард үргэлжлэх нь. Үүнтэй зэрэгцэн хөдөө орон нутаг руу жолоо залж, аялж зугаалах иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Цар тахалтай хэдий ч агаар салхинд гарах хүсэлтэй гэр бүлүүд нийслэл тойрсон гол усаа амралтын, ажлын аль өдрөөс үл хамааран зорих болов. Энэ бол аялал зугаалгын аль ч улиралд бичигдээгүй хууль болсоор ирсэн дүр зураг билээ.
Урин дулааны улирлын сайхныг энд бичвэл дуусахгүй. Харин аялал, зугаалга нэмэгдэхийн хэрээр иргэн бүрийн үүрэг, хариуцлага зугаа цэнгэлээсээ илүү чанга байх ёстой. Учир нь амарч зугаалах үедээ гол усанд осолдох, автомашинтайгаа гацсанаас эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээлэл их гардаг. Иймдээ ч иргэдийг гол усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шуурхай ослын дуудлагад цаг алдалгүй очиж ажиллахаар ЗАВЬТ ЭРГҮҮЛИЙНХЭН ажилласаар.
Бид завьт эргүүлийн үйл ажиллагаа, нөхцөл байдлыг сурвалжилахаар Баянзүрхийн гүүр орчимд ирлээ. Усны аврах ажиллагаа нь алба хаагчдаас ихээхэн ур чадвар шаарддаг тул алба хаагчид иргэдэд анхааруулга, сануулга өгч ажиллахын хажуугаар голын усанд сэлж, өөрсдийн бэлтгэл, сургуулилтаа базаагаад авдаг гэнэ. Ийнхүү аврагчид бэлтгэл, сургуулилт хийх зуурт бид Нийслэлийн аврах ангийн тэргүүн аврагч Х.Цогбадрахтай цөөн хором ярилцав.
“Шаардлага хангахгүй хийлдэг завь хагарснаас хүүхэд осолдох тохиолдол гарч байна”
Нийслэлийн гол дагуу завьт эргүүл зургадугаар сарын 10-аас ажиллаж эхэлсэн. Бидний уулзахаар очсон аврагчийн баг аврагч, цагдаагаас бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Өнгөрсөн хугацаанд 13 удаагийн усны ослын дуудлага ирсэн тус завьт эргүүлийн багт иржээ. Эдгээр дуудлага мэдээллийн дагуу завьт эргүүлийн баг очиж аврах ажиллагаа явуулснаар нийт 11 хүний амь насыг авран хамгаалсан байна.
Өглөөний 9 завьт эргүүлийнхэн ажилдаа гарч, оройн 22 цаг хүртэл ажилладаг байна. Нийслэлийн аврах ангийн тэргүүн аврагч Х.Цогбадрах “Нийслэлийн засаг даргын А357-р захирамжийн дагуу Нийслэлийн цагдаагийн газартай хамтран завьт эргүүлийг хийж эхэслнээс хойш арван жил өнгөрсөн байна. Завьт эргүүлээр үндсэн, бэлтгэл гэсэн хоёр бүлэг ажилладаг. Үндсэн бүлэг нь Хар усан тохойгоос Зайсангийн гүүр, бэлтгэл бүлэг нь Зайсангийн гүүрээс Маршалын гүүр гэсэн маршруттайгаар завьт эргүүлээ хийдэг.
Иргэдэд Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтарч, завьт эргүүл хийх явцад сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг өгч байна. Зарим үед алба хаагчдын тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байх тохиолдол ч гардаг.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан амралтын газар, жуулчны баазуудыг хаасантай холбоотойгоор гол дагуу амарч, зугаалах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Ингэхдээ голын эрэг дагуу амарч зугаалсан үедээ голын усанд орж осолдох тохиолдлууд ч бүртгэгдсээр байна. Мөн эцэг, эхчүүд архидан согтуурсны улмаас голын эрэг дагуу хараа хяналтгүй хүүхэд багачуудыг үлдээж байна. Түүнчлэн шаардлага хангахгүй завь, хийлдэг тоглоомуудаар хүүхдээ тоглуулснаас осолдох тохиолдол ч цөөнгүй гарч байгаа” гэсэн юм.
Голын эрэг дагуу иргэдийн хөл хөдөлгөөн их үдээс хойш нэмэгдэх хандлагатай байв. Урьд нь загас үржүүлгийн газар байсан гэх энэ хэсгийн гол гүнзгий учраас иргэдэд анхааруулга, зөвлөмжийг өгсөөр байгааг албаныхан хэлж байв. Гол дагуу хүүхдүүдийн тоглох наадах чимээ үл тасарна. Ийн ярилцах зуурт хажуугаар зөрсөн иргэн “Гүехэн хэсэг нь хаагуур вэ, хүүхдүүдээ тоглуулах гэсэн юм” хэмээн асууж байв. Онцгойгийн алба хаагч “Гүехэн газар бараг байхгүй шүү дээ. Цагаа тулахад гүехэн усанд хүүхэд байтугай том хүн ч осолдох эрсдэлтэй. Болгоомтой амарч, зугаалаарай” хэмээн зөвлөв.
Харзны усанд унасан хүүгийн жишээ ЮУГ өгүүлэв?
Усны аврах ажиллагаа бол бусад ажиллагаанаас хүнд хэлбэрийнх. Аврагчид аврах ажиллагаа явуулахад ямар нэгэн барьц байхгүй, үзэгдэх орчин тааруу үед мэдрэмжээрээ эрлийн ажиллагааг явуулах тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Аврагч усчны албанд 16 дахь жилдээ ажиллаж буй аврагч, ахлах ахлагч А.Энхмэндээс иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс өнгөрсөн хугацаанд хамгийн хүнд аврах ажиллагааны талаар асуулаа. Тэрбээр “Өвлийн нөхцөлд бага насны хоёр хүүхдийн нэг нь гол дээр тоглож байгаад хөлдөж эхэлж байсан харзны хэсэгт унаж, осолдсон хэрэг гарсан. Тухайн үед нэг хүүхэд нь эцэг ,эхдээ ирж хэлснээр бидэнд дуудлага ирсэн юм. Бид дуудлагын дагуу очиж, усанд унасан хүүхдийн мөрөөр хөөхөд харзны устай хэсэгт чиглэсэн байсан. Тухайн газраас эрлийн ажиллагааг эхлүүлж байсан юм. Өвлийн нөхцөлд байсан тул аврагчид цооног гаргаж, цооногоос цооног хооронд эрлийн ажиллагааг хийсэн. Ер нь эрлийн ажиллагааг бид тухайн хүнээ олтол хайсаар л байдаг. Хайх боломжтой бүх газраар л зохион байгуулдаг. Иймд бид иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг өдөр бүр өгч ажилладаг” гэсэн юм. Тухайн усны ослын улмаас нэг хүүхэд хорвоог орхижээ. Иймд иргэдийг гол мөрөн дагуу бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг байнга сануулдаг билээ.
Энх цагт усны ослоор бяцхан үрсээ алдсан тохиолдол нэмэгдэхгүй байхад томчуудын хариуцлага чухал болохыг энэ мэт олон жишээ өгүүлнэ.
“Усанд осолдсон хүнийг талийгаач болсон хойно нь олоход хамгийн хэцүү санагддаг”
Аврагч усчны албанд ажиллахаар сэтгэл шулуудаж, хоёр дахь жилдээ ажиллаж буй Нийслэлийн аврах ангийн аврагч дэд ахлагч Л.Золбоо “Дуудлагын дагуу очиход тухайн осолдсон хүнтэй хамааралтай хүмүүс айж сандарсан байдалтай байдаг. Бидэнд маш их найдлага хүлээлгэдэг. Усанд осолдсон хүнийг талийгаач болсон хойно нь олоход хамгийн хэцүү санагддаг. Бид ямар ч нөхцөлд бүлгийн даргын зааварчилга, дүрмийн дагуу ажилладаг. Харин аврагч бүр өдөрт хоёр цагийн хугацаатай бэлтгэл хийдэг. Аюулгүй байдал, нөгөө талдаа бид хүнийг аварч чадах ёстой.
Иргэдийн усанд осолдох шалтгаан ихэнхдээ хувь хүний анхаарал болгоомжгүй байдлаас үүдсэн байх нь бий. Ингэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бие биенээ хөөргөж, доргисноос болж усанд хөл алдах, осолдох тохиолдол цөөнгүй гардаг. Мөн эцэг, эхийн хараа хяналтгүй байдал нь бага насны хүүхдүүд усанд осолдох шалтгаан болж байна” гэв.
Наадмын ес хоног амарсан шиг амарч, аялал зугаалгад гарахаар зэхсэн хэн ч гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг завьт эргүүлийнхэн онцгойлон анхааруулж байлаа. Хариуцлага алдсан хэдхэн хормоос хайртай, дотнын хүнээ алдах эрсдэлтэй. Иймд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх хэрэгтэй юм.