1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 15-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 14 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 19:13 цагт очиж, иргэн Ч-гийн 1.5х2.5 метрийн хэмжээтэй 2 ширхэг амбаар байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Хонгор багийн “Энгэр шанд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 6 км-т/ Малчин М-ын 5 ханатай гэр 07.10-ны өдрийн 19:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 07.10-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцсан. Гал түймэрт малчин М-ын 5 ханатай гэр, эд хогшил шатсан.
Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 13 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 01:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 01:45 цагт очиж, иргэн Н-ийн 4х10 метрийн хэмжээтэй байшингийн 5х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 18 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 03:54 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 04:00 цагт очиж, иргэн Г-ийн “Мераж” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн “Хармай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 329 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, Ө-51°43”12.0” У-99°48”00.0”/ 07.10-ны өдрийн 08:29 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөл болсон тухай мэдээллийг 08:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг иргэдээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Салхи, шуурга – Шороон шуурга: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн төв /аймгийн төвөөс баруун зүгт 96 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ 07.10-ны өдрийн 16:30 цагаас 17:00 цагийн хооронд хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 2 өрхийн 2 гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:51 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 07.10-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай нь танилцсан. Тус сумын харьяат иргэн Э, Ч нарын 5 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн гэж мэдээлсэн.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн “Чулуун хороо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 130 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ 07.10-ны өдрийн 20:40 цагаас мөн өдрийн 21:30 цагийн хооронд 18-20 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас тус сумын харьяат малчин О-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин О-ын 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн гэж мэдээлсэн.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ар жаргалант багийн “Хэрсэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 152 км-т, сумын төвөөс зүүн зүгт 28 км-т/ 07.10-ны өдрийн 20:40 цагаас мөн өдрийн 21:30 цагийн хооронд 18-20 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас тус сумын харьяат малчин У-ийн 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин У-ийн 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн гэж мэдээлсэн.
Үер – Уруйн үер: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Зөрүүлэг багийн “Бүрдний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд 143 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 17 км-т/ 07.09-ний өдрийн 21:00 цагаас 22:00 цагийн хооронд дуу цахилгаантай бороо болон мөндөр орсны улмаас уруйн үер бууж, тухайн газарт нутаглаж байсан 4 өрхийн 208 бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг 07.10-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Уруйн үерт тус сумын харьяат малчин О-ын 61 ямаа, Н-н 37 хонь, 70 ямаа, П.Суурийн 15 ямаа, О-ийн 25 ямаа, нийт 4 өрхийн 208 бог мал хорогдсон. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Зөрүүлэг багийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг 07.10-ны өдөр тухайн газарт очиж ажилласан. Хорогдсон бог малыг булж устгах ажил хийгдэж байна.
5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Задгай”-д “Хэрлэн” голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Т /10 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.10-ны өдрийн 05:22 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 12:57 цагт осолдсон газраас 30 км-ын зайтай тус сумын 5 дугаар багийн “Өгөөмөр” гэдэг газарт “Хэрлэн” голын усны мандлаас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 48 км-т/ “Эг”-ийн голын эрэг дээр 5 хүн зугаалж байснаас 1 хүн сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хутаг-Өндөр сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, мөн аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 07.10-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 22:45 цаг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн П /28 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.10-ны өдрийн байдлаар 3 бүлэгт хуваагдаж, тус сумын Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газраас “Баянгийн-Ар” гэдэг газар хүртэл нийт 45 км-т “Эг” голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар самналт хийж, голын усаар завиар урсаж, 3 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:45 цагт түр зогсоосон. 07.11-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Төв аймгийн Лүн сумын Ногоон хоолой багийн “Үнэгтийн хоолой” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 175 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т/ 07.09-ний өдрийн 11:00 цагийн орчим “Туул” голын эрэг дээр 4 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийн гэрийнхэн 07.10-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 21:45 цаг хүртэл тус сумын харьяат С/15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.10-ны өдрийн байдлаар тус сумын “Элстэйн гарам” гэдэг газраас “Гарамын тохой” гэдэг газар хүртэл 20 км-т “Туул” голын эрэг дагуу завиар урсаж, 9 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:45 цагт түр зогсоосон. 07.11-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ 07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар 49-33 УНӨ улсын дугаартай “Экстрайл” загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, 2 завь, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 07.10-ны өдрийн 05:00 цагаас мөн өдрийн 21:40 цаг хүртэл иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.10-ны өдрийн байдлаар тус сумын “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 60 км-т завиар урсаж, голын эрэг дагуу нийт 80 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон. 07.11-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Зараа булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 97 км-т/ 14 хүн “Хэрлэн” голын эрэгт зугаалж явснаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат иргэн Б голын усанд сэлэхээр ороод живсэн тухай тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 14.21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б/28 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулахаар мөн өдрийн 17:15 цагт очиж, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн сумын 6 дугаар багийн “Зараа булан” гэдэг газраас “Их голын-Уулзвар” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын усаар 6 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:50 цагт түр зогсоосон. 07.11-ний өдрийн 04:30 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллахаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 07.11-ний өдрийн 06:00 цагт хөдөлсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн “Гүдгэрийн сайр” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 390 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ Тус аймгийн Гурвантэс сумаас “Жавхлант-Орд” ХХК-ийн нүүрсний уурхайн чиглэлд харуул А нь 07.08-ны өдрийн 05:00 цагийн орчим тус компанийн Хамгаалалтын албаны дарга Н-тай утсаар мотоцикл эвдэрсэн, унаа явуулах боломж байна уу гэж ярьснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “Жавхлант-Од” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд 07.10-ны өдрийн 06:00 цагаас харуул А /51 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:57 цагт сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т “Гүдгэрийн тал” гэдэг газраас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР