Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 27-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Б-гийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 10:54 цагт очиж, иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Өндөр дов” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 6 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулж 16:14 цагт очиход иргэн Э-гийн 7.5х5.5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.                      

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 20:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 20:48 цагт очиход иргэн А-гийн 8×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.         

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Индэртийн Задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 01:31 цагт очиход иргэн Э-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Уруйн үер: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хоршоолол багийн “Хунгийн булаг” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ 07.12-ны өдрийн 23:45 цагийн орчим усархаг аадар бороо орсны улмаас уруйн үерт 1 автомашин урссан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 02:00 цагт очиход Баянхонгор аймгаас тус аймгийн Ихтамир сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан 6 зорчигчтой “Ландкруйзер 80” загварын суудлын автомашин уруйн үерт урсаж онхолдсон байсныг татаж босгосон. Жолооч болон 6 зорчигч нь эсэн мэнд автомашинаасаа гарсан байсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 48 км-т/ Эгийн голын эрэг дээр 5 хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн П /28 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.12-ны өдрийн байдлаар 3 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: Хантай багийн “Шүлхэгнэг” гэдэг газраас “Хантай” гэдэг газар хүртэл 30 км-т завиар, 2 дугаар бүлэг: Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газраас “Могойн тохой” гэдэг газар хүртэл нийт 15 км-т, голын эрэг дагуу явган болон автомашинтай, 3 дугаар бүлэг: Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газраас “Баянгийн-Ар” гэдэг газар хүртэл нийт 16 км-т завиар, 2-2.5 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн П-гийн цогцсыг 07.12-ны өдрийн 17:00 цагт Эгийн голын бургасан дотор усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ 07.04-ний өдөр Сэлэнгэ мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.12-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: “Ноён-Уул” гэдэг газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 85 км-т завиар урсаж, голын эрэг дагуу нийт 15 км-т явганаар болон автомашинтай, 2 дугаар бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:35 цагт түр зогсоосон. 07.13-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Зараа булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 97 км-т/ 14 хүн “Хэрлэн” голын эрэгт зугаалж явснаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат иргэн Б голын усанд сэлэхээр ороод живсэн тухай тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 14.21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус аймгийн харьяат иргэн Б /28 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.12-ны өдрийн 10:10 цагт иргэн Б-гийн цогцсыг /осолдсон газраас 15 км-т/ “Зараагийн хошуу” гэдэг газар усны мандалд хөвж байсныг олж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлж өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ 17 хүн “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.11-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О /21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.12-ны өдрийн байдлаар 1 дүгээр багийн “Алтанхундага” гэдэг газраас “Бүрэнтолгой” гэдэг газар хүртэл нийт 13 км-т завиар урсаж, 2-2.5 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. 07.13-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Шимт нарс” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ компанийн 13 ажилтан “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн нь загас барьж байгаад живсэн тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 18:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 07.12-ны өдрийн 07:43 цагт очиж, тус сумын харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.12-ны өдрийн 08:10 цагт /осолдсон газраас зүүн зүгт 5 метр зайд 3 метрийн гүн/ “Шимт нарс” гэдэг газраас цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т/12 хүн зугаалж байснаас “Бага түргэний хүрхрээ”-ий усанд 1 иргэн хаднаас халтирч осолдсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид мөн өдрийн 21:30 цагт очиж, Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:15 цагт түр зогсоосон. 07.13-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 07.13-ны өдрийн 06:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Цагдуултайн-Ам” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 280 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ “Цагдуултайн-Ам”-ны хиймэл нууранд 2 иргэн сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 16:40 цагт очиж, тус аймгийн Баянцагаан сумын харьяат иргэн Г /32 настай эрэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:00 цагт иргэн Н-ийн цогцсыг нуурын эргээс 5 метрийн зайд усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 07.13-ны өдрийн 02:00 цагт очиж хоносон. 07.13-ны өдрийн 06:15 цагт иргэн Г-гийн цогцсыг эргээс 15 метр, 6 метрийн гүнээс олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн.

Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн “Улаантолгой” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ 07.12-ны өдрийн 20:50 цагийн орчим 1 зорчигчтой автомашин “Тамир”-ын голыг гатлах гэж яваад живсэн тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 23:05 цагт очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Ихтамир сумын чиглэлд иргэн А /42 настай, эмэгтэй/, охин Э /12 настай, эмэгтэй/-ийн хамт “Ландкруйзер 200” загварын суудлын автомашинтай “Тамир”-ын голыг гатлах гэж яваад автомашин нь живж, иргэн А, Э нар автомашины бүхээг дээрээ сууж байсныг эсэн мэнд аюулгүй газарт автомашины хамт татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top