А.Ганжаргал: Зээр олноороо үхэж хорогдож байна

hongor-els-11-2200x800.jpg

Дорноговь аймгийн хувьд  хойд талын долоон суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа А.Ганжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

– Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан аймаг, орон нутгаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

– Хойд талын сумдаар өвөлжилт хүндхэн байна. Аймгийн Засаг дарга П.Ганхуяг тэргүүтэй аймгийн удирдлага зудтай сумдад ажиллаад ирлээ. Дэлгэрэх, Иххэт, Даланжаргалан сум зудтай, Айраг, Алтанширээ, Өргөн, Сайхандулаан  сум зудархуу байна.

Аймгийн удирдлага өвөлжилт хүндэрсэн сумдын малчидтай уулзан өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчдад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажиллаад ирсэн. Улсын нөөцөөс  8500 боодол өвсийг 1700  гаруй өрхөд үнэгүй олголоо. Малчдын гар дээр бэлэн мөнгө хомс байна. Өвс тэжээлийг зээлээр олгох хүсэлтийг малчдаас их ирүүлж байна.  Өвөлжилт хүндэрсэн сум бүрт хүн, хүч муутай хоёр айлыг сонгон малын хороо, бууцыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан.

Дорноговь аймгийн Онцгой байдлын газар Өргөн сумтай  хамтын харилцаатай ажилладаг. Албан хаагчдынхаа дунд малчдад туслах хандивын арга хэмжээг өрнүүлж 300  гаруй мянган төгрөгийн хандиваар малчдад хүнс, лаа, шүдэнз, малын нэмнээ хандивласан.

Говийн аймгийн онцлог ч байна, өвс тачир ургасан. Мал идэх өвсгүй байна. Хаваржилт хүндхэн болж болзошгүй байна.

– Зээр олноороо хорогдож байгаа гэж сонслоо. Өвөлжилттэй холбоотой байна уу?

– Цас ихтэй, хүйтэн байгаатай холбоотой байна. Идэх өвс тэжээлгүйн улмаас зээр аймгийн төв рүү орж ирж бэлчих болсон. Өргөн, Эрдэнэ, Айраг, Сайншанд сумдаар зээр олноороо  үхэж хорогдож байна. Автомашинд олноороо дайруулж байна. Өлдөж, хөлдөхөөс гадна хил, төмөр замын дагуух хамгаалалтын бүсэд ургасан өвс идэх гэж байгаад торонд орооцолдож үхэж байна. Зөвхөн Замын-Үүд суманд 2600 гаруй зээрийн сэг зэмийг устгасан.  Үхсэн малын сэг зэмийг устгах ажлыг аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байгаа хэдий ч  хээрийн зэрлэг амьтны хөдөлгөөнийг хянах боломжгүй. Зээр олноороо үхэж байгаа нь хавартаа малын халдварт өвчин гарах эрсдэлтэй учраас малын сэг, зэмийг устгах ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Бас нэг хүндрэл учруулж байгаа зүйл бол цас ихтэй, хүйтэн байгаа учраас зарим малчид бод малаа бүрэн анхаарч чадахгүйд хүрч байна. Адуу мал уруудах тохиолдол их байна. Улаан-Уулын хилийн цэргийн харьяа заставууд дээр хил дагуу адуу олноороо бөөгнөрсөн байгаа нь аль, аль талдаа хүндрэл учруулж байна.

– Малын гоц халдварт хонины цэцэг өвчин танай аймагт бүртгэлтэй байгаа. Улсын хэмжээнд вакцины нөөц дууссан гэж мэдээлж байсан…

– Өнгөрсөн онд Улаанбадрах, Өргөн, Айраг, Сайхандулаан, Эрдэнэ, Сайншанд, Замын- Үүд суманд цэцэг өвчин гарсан. 1200 гаруй өвчилсөн малыг устгасан. Замын-Үүд сумаас бусад сумдын хувьд цэцэг өвчний голомтыг устгаад байна. Цэцэг өвчнийг устгах үйл ажиллагааны зардалд одоогийн байдлаар 264 сая төгрөгийг зарцуулаад байна. Цаашдаа ч гарсан зардлыг яаралтай шийдвэрлэхгүй бол аймаг, сумын түвшинд өр авлага үүсч хүндрэл учраад байна.

12 сард вакцин бүрэн ирсэн. Хамгийн гол нь хэт их хүйтэн  байгаа учраас вакцин хийхэд хүндрэлтэй. Өвчлөл гарсан болон зэргэлдээх нийт есөн суманд вакцинжуулалт 90 хувьтай байна.

scroll to top