Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүл багасна. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Орхон голын хөндийгөөр 17-22 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 22-24 градус дулаан байна.

Төлөв: 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23, 25-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 22-нд нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн “Задгай”-д   Цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан  14:10 цагт очиход цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур багана шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.         

– Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Равжих багийн 12 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 10:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 10:09 цагт очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Орбит”-ын 48 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 20:32 цагт очиход иргэн Б-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Галт сумын Хороо багийн  “Адуун ” гэдэг газар  /аймгийн төвөөс хойд зүгт 318 км, сумын төвөөс баруун  зүгт 32 км-т, Ө-51°25”12.0” У-100°13”48.0”/ 07.20-ны өдрийн 12:00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 12:09 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Тээл багийн “Ялбаганат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 80 км, сумын төвөөс урд зүгт 23 км-т, Ө-49°24”00.0”У-99°39”36.0”/ 07.20-ны өдрийн 17:19 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 17:31 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер- Усанд автсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багийн 18 дугаар гудамжинд тус сумын нутгаар 07.20-ны өдрийн 02:00 цагт усархаг бороо орж 38 мм тунадас буусны улмаас 1 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 07:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 6 км зам туулан 07:32 цагт очиж иргэн Б-ийн 5 ханатай гэрийг нүүлгэн шилжүүлсэн.   

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т/ 12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 07.12-ны өдрөөс 07.16-ны өдрийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр зогсоосон. 07.19-ний өдрийн 18:45 цагт Бага түргэний хүрээ гэдэг газар хүрхрээнээс 15 метрийн зайд усанд дотор чулуунд тээглэж тогтсон 1 хүний цогцос байна гэсэн мэдээллийг тухайн газарт аялж явсан иргэн аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 19:13 цагт, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид мөн өдрийн 22:00 цагт тус тус хөдөлгөөн үйлдсэн. 07.20-ны өдрийн 06:00 цагт очиж 07.12-ны өдөр хүрхрээ рүү унаж осолдсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Д/35 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т, Багануур дүүргээс зүүн зүгт 5 км-т/ 6 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 07.19-ний өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 20:30 цагт хүртэл нийслэлийн Баянзүрх харьяат дүүргийн харьяат иргэн М /42 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.20-ны өдрийн байдлаар Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас Нугаар багийн Шинэ булаг гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын усаар 35 км-т завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:50 цагт түр зогсоосон. Хэрлэн гол үерлэж булингар их байгаа нь эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. 07.21-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.  

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн “Бага булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 4 км-т/ Тогтоол усанд 2 хүн живсэн тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 09:54 цагт хүлээн авсан. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 11:12 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд явсан боловч  “Оюутолгой” ХХК-ийн Онцгой байдлын ангийн гэнэтийн осолд хариу өгөх албаны ажилтнууд 35 км зам туулан 11:50 цагт очиж тус сумын харьяат иргэн Ш /30 настай, эрэгтэй/-ын цогцсыг 13:18 цагт 4 метрийн гүнээс, О /14 настай, эрэгтэй/-ын цогцсыг 14:07 цагт 4 метрийн гүнээс тэмтрүүл ашиглан уснаас тус тус гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо “Зүрх” уул гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид тус дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг “Зүрх” уулыг тойрч 50 км-т, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салааны арын мод, Бумбат-ын рашааны ойр орчмоор 5 км-т, мөн Зүүн салааны Билгүүний-Ам, Яргайтын-Ам гэдэг газарт 20 км-т тус тус явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 07.20-ны өдрийн 22:05 цагт түр зогсоосон. 07.21-ний өдрийн 10:00 цагт дахин эхлүүлнэ.  

Цас шаварт суусан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар  багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 8 км-т/ Суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 03:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 8 км зам туулан 03:44 цагт очиход Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Клугер” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top