Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун болон зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Эрээн багийн “Бумбатын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 100 км замыг туулан 02:55 цагт очиход Улаанбаатар хотоос Өвөрхангайн аймгийн чиглэлд иргэн С-ын жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Жуковын талбайн хажууд “Сувдан сондор” хүнсний дэлгүүрийн хөргөгч шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 04:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 04:31 цагт очиход иргэн Д-ийн “Сувдан сондор” хүнсний дэлгүүрийн лангуу шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн “Гялаас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун зүгт 69 км-т, Ө-50°50”24”, У-98°16”12”/ 07.21-ний өдрийн 14:59 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 15:06 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 317 км-т, сумын төвөөс баруун зүгт 31 км-т, Ө-51°20”24”, У-100°19”12”/ 07.21-ний өдрийн 15:35 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 15:41 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер – Гол, мөрний усны үер: Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Янгиртай хясаа” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 15 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ “Урд Тамир”-ын голд автомашин суусан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 23:30 цагт очиж, иргэн Х-ын жолоодож явсан “Портер” загварын бага оврын ачааны автомашин /1 зорчигчтой/ голд суусан байсныг аюулгүй газарт татаж гаргасан.

Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн “Майдар чулуу” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 12 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ “Урд Тамир”-ын гол эргээсээ давж үерлэн айлууд голын усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 19:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цаг уур орчны шинжилгээний газрын ажилтнууд 20:08 цагт очиж, голын усанд автсан 17 том хүн, 10 хүүхэд, 10 гэр, 5 автомашиныг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан. 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Элстийн булан”, “Бага Элстийн булан”, “Бага Элстийн дэнж”, “Ухнын гацаа” гэдэг газарт /сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 07.20-ны өдрийн 22:00 цагаас 07.21-ний өдрийн 15:30 цагт орсон борооны улмаас голын үерийн усанд хүн, гэр, автомашин автсан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 00:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 45 хүнийг сумын Спортын ордонд байрлуулж, 15 автомашиныг аюулгүй газарт татаж гаргасан.

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Янгиртай хясаа” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 15 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ “Урд Тамир”-ын гол эргээсээ давж үерлэн айлууд голын усанд автсан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 01:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 02:34 цагт очиж, голын усанд автсан 13 том хүн, 7 хүүхэд, 6 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Үер – Уруйн үер: Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Уужим булаг”-ийн 3 дугаар гудамжны 2 тоотод 07.21-ний өдрийн 02:45-13:05 цагийн хооронд орсон борооны улмаас уруйн үерт байшин автсан дуудлагыг 07.21-ний өдрийн 09:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 12 км зам туулан 11:35 цагт хүрэлцэн очиход иргэн Э /76 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ы 5х8 метрийн хэмжээтэй байшинд үерийн ус орсныг мотопомпоор соруулж, иргэн Э-ыг охин О-д хүлээлгэн өгсөн.  

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн “Баян талын” 19 дүгээр гудамжны 32б тоотод 07.21-ний өдрийн 02:45-13:05 цагийн хооронд орсон борооны улмаас уруйн үерт байшин автсан дуудлагыг 07.21-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 12:30 цагт очиход иргэн Э-н байшинд үерийн ус орсныг мотопомпоор соруулж, иргэн Э-д хүлээлгэн өгсөн.

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т, Багануур дүүргээс зүүн зүгт 5 км-т/ 6 хүн “Хэрлэн” голын эрэгт амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид нийслэлийн Баянзүрх харьяат дүүргийн харьяат иргэн М /42 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.21-ний өдрийн байдлаар Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас Дэлгэрхаан сумын “Хэрлэнбаян-Улаан”, “Хөхтий”, “Хэцүү гацаа” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын усаар 89 км-т завиар урсаж, 32 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон. 07.22-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.  

Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл-Жараахай багийн “Улз голын хоёр гарц” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 1 км-т/ 07.19-ний өдрийн 18:00 цагийн орчим 8 хүн “Улз” голын эрэг дээр зугаалж байснаас 1 хүн осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус аймгийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:50 цагт Н-ийн цогцсыг /осолдсон газраас зүүн зүгт 20 км-т/ тус сумын Чух багийн “Чух нуурын-Энгэр” гэдэг газар “Улз” голын усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн Экологийн асуудал хариуцсан байцаагчид шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Бумбатын-Ам”, “Нумтын-Ам”, “Чулуутын-Ам”, “Хустайн-Ам”, “Шороотын-Ам”, “Баянбуурал” амралт зэрэг газруудаар 80 км-т явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 07.22-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.    

Цогцос гаргах: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 19 дүгээр гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан дуудлагыг 07.21-ний өдрийн 12:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 2 км замыг туулан 12:29 цагт очиход А /1 настай, эрэгтэй/ 3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг 12:35 цагт гаргаж, аав Б-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top