1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 2-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 2,3-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 2,3-ны өдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт дахь худалдааны төвийн 2 давхарт Цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 10:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 10:21 цагт очиж, “Буянт шанд” худалдааны төвд иргэн Ж-ийн 7х8 метрийн хэмжээтэй цайны газрын гал тогооны өрөөний таазны хэсэг, цахилгаан зуух шатаж байсныг 1 цаг 9 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол дахь шинээр баригдаж буй барилгын гадна талын пасад шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 11:56 цагт хүрэлцэн очиж, шинээр баригдаж байгаа барилгын гадна талын пасад /23 м2/ шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Бор хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 182 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7 км-т “Туул” голын эрэг дээр 6 хүн /том хүн 2, хүүхэд 4/ зугаалж байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Үндэсний аврах бригадын алба хааагчид, ар гэрийнхэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Н /9 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.31-ний өдрийн байдлаар тус аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Лүнгийн гүүр гэдэг газраас Өлийн булан гэдэг газар хүртэл 70 км-т завиар урсаж, 7 метрийн гүнд 11 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:29 цагт түр зогсоосон. 08.01-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ Хиймэл нуурын эрэг дээр 6 хүн хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн О /25 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ыг эрэн хайх хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.31-ний өдрийн 07:00 цагаас “Далан булаг” ХХК-ийн хайрга, элс олборлох карьерийн 1 га орчим талбайтай, 5 метрийн гүнтэй хиймэл нууранд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:36 цагт нуурын 3.1 метрийн гүнээс тухайн иргэний цогцсыг олж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон баг дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн “Орхоны хүрхрээ” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 155 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т, Хархорин сумын төвөөс баруун урд зүгт 140 км-т/ 07.30-ны өдрийн 15:00 орчим 4 хүн зугаалж байснаас иргэн И нь “Орхоны хүрхрээ”-ий усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хархорин сум дахь Гал түймэр, унтраах аврах 45 дугаар анги, Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат И /21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.31-ний өдрийн байдлаар хүрхрээний 15-18 метрийн гүнтэй цүнхээл хэсэгт нийт 21 удаагийн гүний шумбалтыг хийж, 70 метрийн радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.01-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “UB-2” амралтын газрын хойд талд “Тэрэлж” голын усанд 1 хүний цогцос байна, гаргах өгнө үү гэсэн хүсэлтийг 07.31-ний өдрийн 11:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 45 км замыг туулан 11:59 цагт очиж, иргэн Т /53 настай, эрэгтэй/-ын цогцсыг “Тэрэлж” голын уснаас гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Улаанбаатар хотын харьяат 7 хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсэг, Баяннуур сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /39 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Доргонот багийн “Их-Агт” газар зохион байгуулж, 5 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:31 цагт түр зогсоосон. 07.01-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Дунд гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Бага насны 2 хүүхэд “Дунд гол”-ын усанд орж байснаас 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид тус сумын харьяат Н/10 настай эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:10 цагт осолдсон газраас 2 км-т “Дунд гол”-ын 2 метрийн гүнээс цогцсыг олж, Цагдаагийн газрын мөрдөх тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Бусад төрлийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Зон” авто засварын газар жорлонд 1 хүн унасан байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 14:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 14:52 цагт очиж, иргэн Э /75 настай, эрэгтэй/ 2.5 метрийн гүнтэй жорлонд унасан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн 5 дугаар гудамжинд бага насны хүүхэд жорлонд унасан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 4 км замыг туулан 20:58 цагт очиж, 4 метрийн гүнтэй жорлонд Д /6 настай, эмэгтэй/ унасан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР