Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Нууруудын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 7-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Ариг рамён” рестораны дэргэд авто замын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 08:39 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 08:44 цагт очиж иргэн Э-ийн “Митсубиши Пажеро” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Улаанбаатар хотын харьяат 7 хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, тус аймаг дахь Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн Б /39 настай, эрэгтэй/-ыг 08.03-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 1 дүгээр бүлэг: Тус сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газраас хойд зүгт “Бухын голын бэлчир” гэдэг газар хүртэл 21 км-т завиар, 3 метрийн гүнд 6 удаа  шумбалт хийж, 2 дугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас Бухын голын бэлчир гэдэг газар хүртэл 21 км-т завиар урсаж, 3 дугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас зүүн хойд зүгт Заамар сумын Соовын гүүр гэдэг газар хүртэл 65 км-т завиар, 4 дүгээр бүлэг: Их-Агт гэдэг газраас хойд зүгт Уурхай гэдэг газар хүртэл голын эргээр 10 км-т явганаар болон морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон. 08.04-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн “Дөргөн хатан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/2 гэр бүлийн 4 том хүн, 6 хүүхэд амарч байснаас иргэн Б /30 настай, эрэгтэй/ “Дөргөн” нууранд 08.03-ны өдрийн 12:30 цагийн үед осолдсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 240 км замыг туулан 18:30 цагт очиж иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Дөргөн” нуурын эргээс 30 метр зайтай, 5 метрийн гүнээс 18:38 цагт цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

Цас шаварт суусан: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр баг “Таван өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 10 км, сумын төвөөс баруун урд зүгт 15 км/-т Өмнөговь аймгаас Ханхонгор сумын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн суудлын автомашин /5 зорчигчтой/ шаварт суусан тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 13:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:30 цагт очиж Өмнөговь аймгаас Ханхонгор сумын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Лексус 470” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ шаварт суусан байсныг 2 цаг 10 минут ажиллаж автомашиныг татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top