Б.Дэлгэрсайхан: Зарим хүн жаргал нь дэндсэн гэмээр шалтгаанаар өндрөөс үсрэх гэдэг

GOGO4080-100028-16891696801.jpeg

Г.Тэгшсүрэн 

Амьдрал үхэл хоёр аль нэг цэгт огтлолцдог бол тэнд л байх. Гомдсон, хорссон, амьдралаас залхсан аль нь ч байж болох мэдрэмжээр өндөр барилгын ирмэг дээр гарч зогссон хэн ч юм хэн нэгэн. Түүнд амьдрах, амьд явах сайхан гэдгийг ойлгуулж тайвшруулах хүсэлтэй ажлаа хийж яваа аврагч. Нэг нь үсрэх зоригтой, нөгөө нь аврах итгэлтэй. Тэрхэн мөчид тэд юу ярилцаж, юуг мэдэрдэг бол?

Өндрөөс аврах ажиллагаанд олон удаа үүрэг гүйцэтгэж, энэ чиглэлээр шавь нараа мэргэшүүлэн бэлтгэж буй Нийслэлийн аврах ангийн аврагч, ахлах ахлагч Б.Дэлгэрсайхантай ярилцлаа. 

-ТЭНД ЮУ Ч БОЛЖ МАГАДГҮЙ- 

-Таныг өндрөөс аврах ажиллагааны арвин туршлагатай алба хаагч гэж сонсоод зорилоо. Аврагчийг өндөр дээр ямар сэтгэлзүйтэй хүн угтдаг бол? Эндээс яриагаа эхэлье.

-Аврагчдыг хэн ч хэлж мэдэхгүй олон янзын нөхцөл байдал угтдаг. Ер нь тэнд юу ч болж магадгүй. Өндрөөс аврах ажиллагааны хамгийн чухал нь тэр хүнийг үсрүүлэхгүй байх. Ингэхийн тулд бололцоотой бүх арга хэмжээг авна. Түүний амиа хорлохоор шийдсэнд юу нөлөөлсөн байж болох вэ гэдэг мэдээллийг ар гэрийнхэн эсвэл цагдаагаас авна. Дараа нь цагийн байдлыг үнэлнэ, хоёр дахь эрсдэлийг тооцоолно. Өндөр дээр гараад нэг аврагч маань маш зөв зүйтэй, сайн сайхан зүйл ярьж сэтгэл санааг нь тайвшруулж, шийдвэртээ эргэлзэхэд хүргэхийг хичээнэ. Аврагч тэр цаг хугацаанд л хүний сэтгэлд нэг зүйлийг ойлгуулж үлдээх хэрэгтэй. Чадахгүй бол өнөөдөр тэр хүнийг аварсан ч өөр нэг өдөр дахиад л өндөр рүү авирна. Тэгэхээр өөрт нь юу байгааг ойлгуулах нь чухал.

Ингээд нэг нь ярилцах хооронд бусад нь тухайн хүнд мэдэгдэлгүй очоод анзаараагүй байхад нь татаад авна. Өндрөөс аврах ажиллагааны үед бид ингэж л ажилладаг. Хүмүүс байшингийн дээврээс, дахин дамжуулах антен, яндан, барилгын кранаас үсрэхийг завдана. Барилга барьж байгаа компаниуд үүнийг анхаарах хэрэгтэй. Харуул хамгаалалтаа сайжруулахгүй бол согтуу хүмүүс кран дээр гарчхаад үсрэх гээд байдаг. Гэхдээ сүүлийн үед залуучуудын ухамсар дээшилж амиа хорлолт багасч байгаад баяртай явдаг.

-“ Цэнхэр халим” гэх тоглоомоос болж өндрөөс үсрэхийг завдсан үйлдэл өнгөрсөн долдугаар сард гарсан. Та энэ аврах ажиллагаанд оролцсон юм билээ? 

-Олон нийтийн цахим сүлжээгээр яригдаад байсан “ Цэнхэр халим”гээд тоглоомоос болж амиа хорлохыг завдсан дуудлагаар очиж ажилласан. Биднийг очиход тэр хүн өөрөө амиа хорлохыг хүсээгүй, ар гэрийн асуудалгүй, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин бусдын дарамтад орсон мэт хоолойгоо мэсээр гэмтээсэн. Одоо намайг та нар хамгаална биз дээ гэх утгатай зүйл яриад уйлаад байлаа. Сэтгэлд их олон эмзэглэл явдгийн нэг нь залуучууд хэтэрхий сошиалаар амьдарч байна. Орчин үеийн залуучуудад дээвэр рүү гүйгээд гарахад сошиал, тоглоом, гэр бүлийн маргаан, хардалт, нөхөрлөл гээд их олон шалтгаан нөлөөлдөг бололтой. Уг нь хүн та амьдралын олимпод оролцож, бүгд таныг дэмжиж байгаа шүү дээ. 

-Өчүүхэн шалтгаанаар өндөрт гараад зогсчихсон нэгэнтэй таарч байв уу? 

-Утсаар яриад өндрөөс буулгаж байсан нэг дуудлага бий. Тэр хүний өндөр рүү гүйж гарсан шалтгаан надад даанч дээ гэмээр санагдсан.  Өөрийнх нь ярьж байгаагаар бүх зүйл бүтэмжтэй, амьдрал нь элбэг хангалуун. Сэтгэл зовоосон асуудал байхгүй. Тэгсэн хэр нь барилгын кран дээрээс амиа хорлохыг завдсан. Цагдаагийн байгууллагаас манайд Өндөр дээр гарчхаад хаана байгаа нь тогтоогдохгүй байна гэсэн хамтран ажиллах хүсэлт ирүүллээ. Гар утас руу нь залгахад  өндөр дээр байгаа чимээ сонсогдоод сэтгэл санаа хямарсан байгаа нь илт мэдэгдсэн. Тийм нөхцөлд та хаана байна гэж асуугаад байхаас илүүтэй сэтгэл санааг нь тайвшруулж, өөрт нь юу байгааг ойлгуулахыг хичээж 2 цаг 30 минут орчим ярилцаад өндрөөс буулгаж байсан. Тэгсэн үсрэхийг завдсан шалтгаан нь Эхнэр гэртээ оруулаагүй. Багахан архи дарс уугаад залуучууд зориг ордог юм уу даа. Өсвөр насны хүүхдүүд болохоор Найз охиноосоо салчихлаа, хаягдлаа гэнэ. Тэр хүний өндөр рүү гүйж гарсан шалтгаан надад даанч дээ гэмээр санагдсан.

-Нэгэнт шийдсэн хүнд аврагчийн үгийг сонсож ухамсарлах сөхөө байх болов уу? 

-Хүн өндөр дээр гараад эргэлздэг. Доороос өндөр рүү хараад амиа хорлох бодол төрөөд дээш авирна. Дээр гараад доошоо харахад тэр хүний бодол дахиад нэг өөрчлөгдөнө. Үсрэх үү, болих уу гээд бодно. Энэ үед нь хэн нэгэн хараад цагдаад, онцгойд дуудлага өгөхөд бид үүрэг гүйцэтгэх явцдаа бодол санааг нь эргүүлж болдог. Нэгэнт шийдчихсэн хүн бол биднийг очихоос өмнө эргэлзэх зүйлгүй үсэрчихнэ. Тэгэхээр шийдсэн, шийдээгүй хоёр хүний дунд ялгаа бий. 

-АЯЛЖ ЗУГААЛАХДАА ГОЛЫН ЭРЭГТ АРХИ УУДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ- 

-Та Онцгой байдлын албанд хэдэн жил ажиллаж байна вэ? Анхны дуудлагынхаа тухай хуучлахгүй юу?

-Би Онцгой байдлын албанд 2005 оноос хойш 17 дахь жилдээ ажиллаж байна. Анх Туул голд усны дуудлагаар 14 хоног ажиллаж нэг хүүхэд эрэн хайж байлаа. Тэгж л анх буцалтгүй нэрвэгчийг харсан. Тухайн үед 20 гаруйхан настай залуу явсан болохоор их эмзэглэж байснаа тод санадаг. Ер нь ажилд ороод удаагүй байхдаа буцалтгүй нэрвэгчдийг хараад их айна, долоо хоног зүүднээс гарахгүй үе ч байсан. Олон жил ажиллаад, давтамжтай зүйлийг дахин дахин хараад байхаар сүүлдээ ажил л юм чинь гэж бодогддог юм билээ. 

-Аврагчид туршлагаараа сэтгэлзүйгээ бэлддэг үү, тусгай сэтгэлзүйч ажилладаг уу?

-Онцгой байдлын албанд залуучууд 18-20 настайдаа орж ирдэг. Би ажилд ороод аливаа дуудлагатай шууд л очоод тулчихдаг байлаа. Харин одоо манай албанд хүнд дуудлагад яваад буцаад ирэхэд сэтгэлзүйг нь хэрхэн өргөж, хэвийн байдалд оруулах вэ гээд аврагчдын сэтгэлзүйг бүх талаас нь бэлддэг сэтгэлзүйч ажилладаг. Мөн Онцгой байдлын алба, эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал ГССҮТ дээр очиж цогцос хадгалах газарт ажилтнуудаа оруулж сэтгэлзүйг нь бэлдэх ажлыг хийж байгаа. Үүний үр дүнд аврагчид аливаа осол, хэргийн газарт ажиллахдаа сандарч мэгдэж цаг алдахгүйгээр аврах ажиллагаагаа хурдан, шуурхай, ухаалаг гүйцэтгэх чадварт суралцдаг. 

-Хэдий ажлаа хийж яваа ч сэтгэл өвдмөөр нөхцөлтэй нүүр тулах үе бишгүй болов уу. Танд хаана хамгийн ихээр эмзэглэл төрдөг бол? 

Насанд хүрээгүй жаахан хүүхэд усанд эрсдэх, автын ослоор хорвоог орхисон байхыг харах хамгийн хэцүү.

-Аврагчдад насанд хүрээгүй жаахан хүүхэд усанд эрсдэх, автын ослоор хорвоог орхисон байхыг харах хамгийн хэцүү. Маш их өрөвдөнө, үнэхээр сэтгэл шимширмээр байдаг. Нулимс гарч байсан удаа бий. Насанд хүрсэн хүмүүсийн л хариуцлагагүй байдлаас болж байгаа шүү дээ. Ийм тохиолдолд дотроос бухимдал төрөөд болдоггүй юм. Автын осол нүд халтирмаар шүү. Хэзээний билээ нэг дуудлагаар очиход приус автомашины хөдөлгүүр хойшоо гүйгээд суудал руугаа ороод зорчиж явсан хүмүүсийн хавирга, дэлүү задарчихсан, сэтгэл өвдмөөр харагдаж байсан. Иргэд согтууруулах ундаа хэрэглэчхээд автомашин жолоодож, хурд хэтрүүлэх юм. Бага насны хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж, өөрсдөө ч суудлын бүсээ зүүж хэвшээсэй. Аврагчдад буцалтгүй нэрвэгчдийг гаргаж ирээд ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх тэр мөч хамгийн хэцүү. Яагаад гэвэл ар гэрийнхний найдвар тэр хүртэл хэзээ ч тасардаггүй. 

Нэг удаа усанд живээд хоёр цаг болсон хүнийг эрэн хайсан юм. Буцалтгүй нэрвэгчийг уснаас гаргаж ирэхэд хамт явсан хүн нь “Энэ хүн амьдарна биз дээ” гээд уйлаад асууж байсан. Гэрчийн мэдүүлгээр нэгэнт ус руу орсон нь тодорхой бол амьд гарч ирэх найдвар бага. Гэхдээ л ар гэрт нь үргэлж амьд гараад ирэх юм шиг найдлага байдаг.

-Энэ зун усны осол өмнөх жилүүдээс их байх шиг? 

-Голын эрэгт очоод архи, дарс хэрэглээд хүйтэн усанд ордог, шөрмөс нь татдаг. Бага насны хүүхдээ анхааралгүй орхидог гээд олон шалтгаанаар энэ жил усны осол их байна. Амарч зугаалахдаа ард, иргэд голын эрэг дээр очиж архи, дарс уухаа болих хэрэгтэй. Хүүхэддээ тавих анхаарлаа маш ихээр сайжруулмаар байна. 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

Эх сурвалж: gogo.mn

scroll to top