Аюул холдох төлөвтэй ч анхаарлаа сулруулж болохгүй

coronavirus-covid-outbreak-concept-health-threatening-virus-background-waving-national-flag-mongolia-pandemic-world-novel-1768594241.jpg

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлт, нас баралт, хөл хорио гээд монголчууд бид хоёр жил амаргүй нөхцөлд аж төрлөө. Үүнийг дагаад нийгмийн уур амьсгалд ч гэрэл гэгээ тун бага болжээ. Дээр нь шатахуун түлш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг бараан мэдээ ч дарах аж. Харин хамгийн том аюул болох цар тахлын дэгдэлт буурч байгаа сайхан мэдээлэл байгаа нь юу юунаас чухал юм.

Ямартай ч бид хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулалтад хамруулчихлаа. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүн амын 60 хувь дархлаажуулалтад хамрагдахаар халдварын тоо эрс буурдаг гэнэ. Тодотговол хүн амын 66,4 хувь нь нэгдүгээр тунд, 60,4 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа аж. Халдварын тоо буурч байгаа гэгээн мэдээтэй зуузай холбон дельта вирус гэх зүйл манай улсад ороод ирлээ. Энэхүү вирус нь дэлхийн 160 гаруй оронд тархаад байгаа учраас нэгэнт орж ирэх нь тодорхой байсан зүйл. Тэгэхээр бид дельта виурусын эсрэг маш эрчимтэй арга хэмжээ авахад аюул багасна гэдгийг ч салбарын сайд хэлнэ лээ.

Мөн салбарын сайдын хэлж байгаагаар бол нас баралтын 80 хувь нь архаг хууч өвчтэй бол 86,5 хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй байсныг хэлжээ. Түүнээс бус амьсгалын аппарат дутагдсан болон бусад хүчин зүйлээс болж, нас барсан хэрэг биш юм байна. Үүнээс харвал бид цар тахал гэх өвчнөөс аажмаар холдох илаарших төлөв бий. Гагцхүү халдвар хамгааллын дэглэмээ сайн барих нь чухал гэдгийг хаа хаанаа сануулсаар байна.

Ирэх есдүгээр сарын 1-нд хичээлээ оруулахаас эхлээд олон ажил биднийг хүлээж байна. Засгийн газар, салбар яамнаас хичээл оруулахаар төлөвлөж 12-17 насны хүүхдийг дархлаажуулалтад хамруулаад эхэлсэн. Одоогийн байдлаар 12-17 насны 198,150 хүүхэд нэгдүгээр тундаа хамрагдаад байгаа бол 123,033 хүүхэд хоёрдугаар тунд хамрагдаад байгаа гэнэ. Тиймээс мэргэжлийн байгууллагаас энэ сарын 4-ний өдрөөс өмнө амжиж вакциндаа бүрэн хамрагдаж чадвал ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө дархлаа тогтоно гэдгийг анхааруулсан. Иргэн хүний хариуцлага гэж нэг зүйл байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Аюул холдож байгаа энэ үед анхаарлаа сулруулж болохгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

scroll to top